Энэтхэгт галт тэрэг осолдсоны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-08-20 09:17:14
ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн хойд нутагт зорчигч тээврийн экспресс галт тэрэг замаасаа гарсны улмаас 23 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртжээ.
 

Энэ осол урьд шөнө тус улсын Уттар-Прадеш мужид болсон байна. Галт тэрэгний 23 вагоны найм нь замаас гарчээ.

Галт тэрэг пүрэв гарагт тус улсын зүүн нутгийн Одиша мужаас хөдөлсөн бөгөөд урьд шөнө Уттарахханд мужид хүрэх ёстой байжээ. Галт тэрэг зорьсон газартаа хүрэхээс 130 км-ийн наана осолджээ.

Энэтхэг бол төмөр замын сүлжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог улс юм. Гэсэн хэдий ч тус улсын төмөр зам болон галт тэрэгнүүд хуучирч муудсаны улмаас галт тэрэг осолдох тохиолдол түгээмэл гарч байна.


Тухайлбал, өнгөрсөн оны 11 дүгээр сард Уттар-Прадеш мужид галт тэрэг замаасаа гарсны улмаас 150 орчим хүн амиа алдаж байв.

Энэ оны нэгдүгээр сард тус улсын өмнөд нутагт галт тэрэг мөн замаасаа гарсны улмаас 30 гаруй хүн амиа алдсан юм.

Тус улсад галт тэргээр өдөр  22 сая гаруй хүн зорчдог аж.


Г.Доржханд

Холбоотой мэдээ