“Эрүүл зохистой хооллолт” амталгаат өдөрлөг Хашаат, Чулуут суманд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-21 15:21:23
Архангай /МОНЦАМЭ/. Франц улсын Санте Сюд ТББ нь Монгол улсад 1994 оноос хойш эрүүл мэндийн тогтвортой хөгжлийн төлөөх төсөл, хөтөлбөрүүдийг аймаг орон нутаг, үндэсний хэмжээнд төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсээр ирсэн.

2009-2015 онд Архангай аймгийн бүх сумын ЭМТ-д “Байгууллагын Хөгжлийн Төсөл”-ийг үе шаттай хэрэгжүүлэх явцад гарсан хэрэгцээнд үндэслэн 2016-2018 онд “Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд ба хоол тэжээл” төслийг Францын ЖЭРЭС ТББ-тай хамтран Архангай аймгийн Хашаат, Чулуут сумын ЭМТ-үүдэд хэрэгжүүлж байгаа. Төслийн гол зорилго нь хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх замаар зохисгүй хооллолтоос үүдэлтэй өвчлөлийг бууруулах юм. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг ард иргэдэд таниулах зорилгоор “Эрүүл зохистой хооллолт” амталгаат өдөрлөгийг дээрх хоёр сумын төвд 8 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Уг өдөрлөгөөр хүлэмжид ургасан төрөл бүрийн нарийн ногоогоор Монгол хүний өдөр тутамд хэрэглэдэг хоол хүнсийг хэрхэн баяжуулж бэлтгэж болохыг хөдөө орон нутгийн ард иргэдэд танилцуулжээ. 

Амталгаанд хоол, ундаа, зууш нийлсэн нийт 15 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сумын төвийн гал тогоо бүхий байгууллагуудын сургалтад хамрагдсан тогооч нар хамтран бэлтгэсэн бөгөөд Эх-хүүхдийн хоол, Эмчилгээний хоол, Ердийн хоол гэсэн 3 өртөөгөөр ангилан, иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгсөн байна Өдөрлөгт нийт 250 гаруй иргэд оролцож, эрүүл зохистой хооллолт, хүнсний ногооны ач холбогдлын талаар зөвлөгөө авч, ЭМТ-ийнхөө хүлэмжтэй танилцаж, амталгаанд идэвхтэй оролцжээ. Оролцсон сумдын төлөөлөл туршлага судлан, цаашид өөрсдийн сумандаа хүлэмжийн аж ахуйг дэлгэрүүлэхэд орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, ард иргэдийн дунд хүнсний ногооны хэрэглээ, нэр төрлийг нэмэгдүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах хэрэгтэй гэдгийг ярьж байлаа. Энэ үүднээс амталгаат өдөрлөгүүдийн үеэр сумын Засаг дарга, аймгийн ЭМГХХААГ, уригдсан сумдын төлөөлөл, Санте СюдЖЭРЭС байгууллагууд хамтран төслийн үйл ажиллагаа, үр дүн, хүлэмжийн аж ахуйг зэргэлдээ сумдад түгээн дэлгэрүүлэх боломж, нөхцөлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцсон байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ