Төрөөс хүнс, ХАА-н талаар баримтлах бодлогыг шинэчилнэ

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2015-11-05 19:23:07

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

2003 онд батлагдсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь хоёр үе шаттайгаар буюу 2003-2008, 2009-2015 гэсэн үе шаттайгаар хэрэгжин дуусч байгаатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дараагийн түвшинд хүргэх бодлогыг боловсруулсан байна. Одоогийн хэрэгжих бодлого нь 2016-2025 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжих юм.

Бодлого хэрэгжүүлснээр ХАА-н гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, тус салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дагавар гарна гэж үзсэн аж.

Мөн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн зарим заалтын хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Б.Туул

Холбоотой мэдээ