Өмнөд Солонгосын шүүх “Samsung”-ийн өв залгамжлагчид таван жилийн хорих ял оноолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-25 15:46:10
СӨҮЛ./TASS/. Сөүлийн тойргийн шүүх баасан гарагт "Samsung" корпорацын дэд ерөнхийлөгч, өв залгамжлагч Ли Жэ Ён-ыг тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-гийн хүрээллийн төлөөлөгчид авлига өгсөн хэргээр буруутган таван жилийн хорих ял оноожээ. Энэ тухай “Yonhap” агентлаг мэдээллээ.

Түүнээс гадна, тус корпорацийн удирдлагын өөр хоёр гишүүнд мөн тус бүр дөрвөн жилийн ял оноожээ.

Шүүхийн шийдвэрт Ли Жэ Ён нь тус улсын Ерөнхийлөгч асны дэмжлэгийг авахын тулд авлига өгсөн гэдгийг дурджээ. Авлигад өгсөн болох нь тогтоогдсон мөнгөний нийт хэмжээ нь 6,4 тэрбум вон /5,6 сая доллар/ байжээ. Үүнээс гадна, Ли Жэ Ён нь гэмт хэргийн орлогоо нуун дарагдуулсан, хууль бусаар мөнгөн хөрөнгө гадаад руу шилжүүлсэн хэрэгт буруутай гэж шүүхээс үзжээ.

Мөрдөн байцаалтын явцад бизнесмэн Ли Жэ Ён ажил хэргээ илүү үр ашигтай явуулахын тулд эрх баригчдын зүгээс янз бүрийн хөнгөлөлт эдлэх зорилгоор Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-гийн дотны найз Чхве Сун Сильд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаж байжээ. Тухайлбал, Төрийн тэтгэвэрийн сан үндсэн хувьцааг нь эзэмшдэг тус компанийн хэд хэдэн салбаруудыг нэгтгэхэд нь “Samsung” корпорацид дэмжлэг үзүүлжээ. 

Дээрх ажиллагааны зорилго нь “Samsung” групп компанийг Ли Жэ Ён өөрийн хяналтандаа баттай оруулах явдал байжээ. Тус компанийг түүний эцэг Ли Гон Хи үндэслэн байгуулж байсан аж.
О.Барс 
Холбоотой мэдээ