Өмнөд Солонгосын арлуудыг “булаан эзлэх” сургуулилтыг Ким Жөн Ун үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-26 12:12:23
СӨҮЛ./TASS/. Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Пэннёндо, Ёнпхёндо арлуудыг “булаан эзлэх” ажиллагааны сургуулилт хийж буй тусгай албаны полигонд очжээ. Бямба гарагт ЦТАК агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун газар дээр нь очоод “тэмцээн”-ээ эхлүүлэх тушаал өгсөн байна.

Умард Солонгосын цэргийн тусгай албаны хүчнийхэн Пэннёндо, Ёнпхёндо арлыг оруулсан хоёр арал-байнд цохилт өгчээ. Эхлээд дээрх байнд байлдааны онгоцоор цохилт өгч, араас нь тийрэлтэт буу, өөрөөр явагч их буугаар гал нээжээ. Үүний дараа бай-арлуудыг десантууд хяналтандаа оруулжээ: тусгай албаныхан шүхрээр буун “усан доогуур нууцаар арал руу нэвтэрч” мөн резинэн завиар эрэгт десант буусан байна.

Ким Жөн Ун сургуулилтын үр дүнд сэтгэл хангалуун байсан төдийгүй цэрэг офицеруудын байлдааны чадвар өндөр байгаа мөн “сургуулилтанд хиймэл зохиомол зүйл огт байсангүй” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр цэрэг арми нь зэвсгийн тусламжтайгаар дайснаа устгах, тэрчлэн “ганц дайралтаар Сөүлийг эзлэж, Солонгосын өмнөд хэсгийг байлдан дагуулах тухай бодох ёстой” гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, Умард Солонгос бямба гарагт Япон тэнгисийн чиглэлд хэд хэдэн пуужин харвасан байна. "Kyodo" агентлаг Японы засгийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлснээр, пуужин харвасан нь цэргийн сургуулиийн нэг хэсэг нь байж магадгүй гэжээ. Харин Умард Солонгост болж буй тусгай албадын “тэмцээнтэй” дээрх пуужин харвалт холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа юм.
О.Барс 
Холбоотой мэдээ