Баривчлахад эсэргүүцэл үзүүлсэн этгээдийг устгахыг цагдаа нарт зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МАНИЛА./TASS/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хүчтэй эсэргүүцэл үзүүлж буй “солиот”-уудыг устгаж болно гэж мэдэгджээ. Түүний хэлсэн үгийг даваа гарагт “Reuters” агентлаг иш татан мэдээлжээ.
“Баривчлах үед эсэргүүцэл үзүүлж, догшин түрэмгий авир гаргаж байгаа этгээдийг баривчлах нь цагдаа та нарын үүрэг, тиймээс ийм солиотуудыг та нар устгаж болно, энэ бол миний та нарт өгч буй заавар” хэмээн Филиппиний төрийн тэргүүн мэдэгджээ. Гэхдээ хууль бусаар хүний амь хороох нь хориотой, цагдаа нар албан үүргээ гүйцэтгэх үедээ хуулиа даган баримтлах шаардлагатай гэж тэрбээр нэмэн хэлжээ.
8 дугаар сарын 23-нд Р.Дутерте хар тамхины эсрэг явуулж буй тусгай ажиллагааг хариуцаж буй цагдаа нарт сэжигтэн этгээдийг зөвхөн гарцаагүй шаардлагатай тохиолдолд устгахыг уриалсан юм. Мөн хар тамхины наймаатай хийх тэмцэл үргэлжилнэ гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч саяхан өргөн олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан 17 настай сургуулийн хүүхдийн амийг хороосон явдлыг зөвтгөх аргагүй юм хэмээн мэдэгджээ. Түүний бодлоор энэ тохиолдолд цагдаа нар заавраа зөрчсөн, тиймээс шүүхэд очих ёстой гэжээ.
Р.Дутерте 2016 оны 6 дугаар сарын 30-нд албан тушаалдаа орсноос хойш хар тамхины наймаатай зэвсэгт тэмцэл хийж эхлэх тухайгаа зарласан юм. Уг тэмцлийн явцад хэдэн мянган хүн амиа алдаж, хагас сая орчим хүн баривчлагджээ Хэдийгээр хүний эрхийг хамгаалах байгууллагууд болон Р.Дутерте-гийн улс төрийн өрсөлдөгчид ийм аргыг нь шүүмжилж байгаа ч орон нутгийн оршин суугчид дээрх ажиллагааны ачаар гадаа гудманд аюулгүй амар тайван болж байна гэж үзэж байгаа ажээ.
О.Барс