Цөмийн туршилт хийсэн Умард Солонгосыг БРИКС-ийн удирдагчид зэмлэн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-04 17:19:17

СЯМЭНЬ. /TASS/. Өчигдөр зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн Умард Солонгосыг БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын удирдагчид эрс зэмлэн буруушаахын сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар шууд яриа хэлэлцээ хийхийг холбогдох улс орнуудад уриаллаа.

БРИКС-ийн гишүүн орнуудын өнөөдөр баталсан хамтарсан тунхаг бичигт “БНАСАУ дахин цөмийн туршилт хийсэнд бид маш их харамсаж байна. Солонгосын хойгийн сунжирсан хурцадмал байдал болоод цөмийн зэвсгийн асуудалд бид маш их сэтгэл түгшиж байна. Энэ асуудлыг энхийн замаар, холбогдох бүх талыг оролцуулан яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх нь зүйтэй. Энэ л цорын ганц зөв шийдэл” гэжээ.

Умард Солонгос тив алгасах баллистик пуужинд суурилуулан харвах боломжтой устөрөгчийн бөмбөгийг есдүгээр сарын 3-ны ням гарагт туршсан юм.

Цөмийн туршилт хийсэн тус улсыг дэлхий нийт эрс эсэргүүцэж, зэмлэн буруушааж байна. Умард Солонгост “цэргийн хүчээр хариу барих”-аас буцахгүй гэдгээ Өмнөд Солонгос болон АНУ мэдэгдсэн билээ.

Умард Солонгосын цөмийн туршилттай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр хуралдах гэж байна.
 

Г.Доржханд

Холбоотой мэдээ