Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орос-Монголын дугуй ширээний уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-09-05 14:18:05
ВЛАДИВОСТОК. /EasternEconomicForum/. Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын бизнесийн хөтөлбөрийн хүрээнд ОХУ ба Монгол Улс Владивосток хотноо “Орос-Монгол: Уулзах газар-Алс Дорнод” дугуй ширээний уулзалтыг энэ сарын 6-нд буюу маргааш хийнэ. Уг уулзалтын үеэр талууд хоёр талын хамтын ажиллагаа ба Оросын Алс дорнодод хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын төслүүдийг авч хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ дугуй ширээний уулзалтад оролцох юм.

Орос ба Монголын хөрөнгө оруулагчдын хамтран хэрэгжүүлэх боломжтой тээврийн төслүүдийн талаар Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат уулзалтын үеэр илтгэл тавих бол Үндэсний хөгжлийн газрын төлөөлөгч Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл тавина.

Мөн уг уулзалтад уул уурхай, хөдөө аж ахуй, махны үйлдвэр, аялал жуулчлал болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниудын төлөөлөгчид оролцох ажээ.

Харин Оросын талаас уг уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин, Байгалийн баялаг, экологийн сайд Сергей Донской, “Оросын төмөр зам” ХНН-ийн тэргүүн Олег Белозеров, “Ренова” группын ТУЗ-ийн дарга, “Сколково” сангийн ерөнхийлөгч Виктор Векселберг болон ESN группын ТУЗ-ийн дарга Григорий Березкин нарын засгийн газрын албаны хүмүүс болон бизнес эрхлэгч байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцох юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяков хэлэхдээ “ОХУ болон Монгол Улс энэ дугуй ширээний уулзалт шиг ийм өндөр түвшний уулзалтууд хийх нь хоёр талын улс төр, эдийн засаг ба соёлын харилцааг өргөжүүлэхэд тустай” гэлээ.

https://forumvostok.ru/en/president-mongolia-khaltmaa-battulga-take-part-russian-mongolian-session-eef-2017/
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ