Хилийн цэсийг тодотгох саналыг Засгийн газарт уламжлахаар тогтлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 14:57:33

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит 14-р хуралдаанаас бэлтгэсэн багц мэдээ

Давхардсан утга санаатай заалтуудыг нэгтгэн найрууллаа

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит 14-р хуралдаан боллоо.

Хуралдаанаар “Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог тээвэрлэгчдийг сонгон шалгаруулах, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”, Сэлэнгэ аймгийн “Хот суурины ус хангамж, ариутгах татуургыг хөгжүүлэх бодлого”, “Ойгоос мод шилжүүлэн суулгах журам”, Аймгийн 2015 оны тодотгосон төсөв, Сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал уламжлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. 

Энэ сарын 04-ний өдөр аймгийн төв Сүхбаатар хотод болсон уг хуралдааны эхний асуудал болох “Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог тээвэрлэгчдийг сонгон шалгаруулах, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”-ыг хэлэлцэн төлөөлөгчдөөс гарсан саналууд дээр хэлэлцэн нэр томъёоны болоод зарим давхардсан утга санаатай заалтуудыг нэгтгэн найруулж баталлаа. Тухайлбал, Төлбөр, хураамж гэснийг хураамж гэж, татвар хураах асуудлыг сумын засаг дарга гэж, зөвшөөрөлгүй газар хог хаясан тухай мэдээлэл өгсөн иргэнийг тодорхой хувь хэмжээгээр урамшуулах, мөн үйлчилгээний хураамжийн дээд хязгаарыг аймгийн ИТХ тогтооно гэж тус тус өөрчлөх болон нэмж найрууллаа.

Орон тооны бус “Усны зөвлөл” байгуулна

Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн “Хот суурины ус хангамж, ариутгах татуургыг хөгжүүлэх бодлого”-ыг хэлэлцэн батлав.

 Энэ асуудлыг хэлэлцэх явцад төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу зарим заалтуудыг нэгтгэхээс гадна аймгийн хэмжээнд усны талаар баримтлах бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон тооны бус “Усны зөвлөл”-ийг байгуулахаар шийдвэрлэлээ.

8 ажил арга хэмжээний санхүүжилтийг хаслаа

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит 14-р хуралдаанаар аймгийн 2015 оны тодотгосон төсвийг хэлэлцэн 62.540.505.6 мянган төгрөг байхаар тогтоолоо.

Тус хуралдаанд аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяагийн батлуулахаар оруулсан аймгийн 2015 оны тодотгосон төсвийг төлөөлөгчид хэлэлцээд, 2015 оны 2-р сард баталсан төсвийн тогтоолд тусгагдсан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний ажлын жагсаалтаас 8 ажил арга хэмжээний санхүүжилтийг хасахаар шийдвэрлэлээ.

Хилийн цэсийг тодотгох саналыг Засгийн газарт уламжлахаар тогтлоо

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дархан-Уул аймгийн Хонгор сум хоорондын газар нутгийн хилийн цэсийг тодотгох саналыг тогтоолоор баталгаажуулж, Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар тогтлоо.

Тус аймгийн Ерөө сум болон Дархан-Уул аймгийн Хонгор сум хоорондын газар нутгийн хилийн цэсийн маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор мэргэжлийн комиссоос оруулж ирсэн санал дүгнэлт, газрын солбицолыг хэлэлцэн Ерөө сумын хилийн цэсийг тодотгох саналыг тогтоолоор баталгаажуулж,  Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар тогтлоо. Мөн тус хуралдаанаар Сэлэнгэ аймагт “Ойгоос мод шилжүүлэн суулгах журам”-ын талаар хэлэлцэн төлөөлөгчдийн олонхийн саналаар тус журмыг дахин боловсруулж, дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн БОАЖГазарт үүрэг болголоо.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ