Ч.Улаан: Энэ төсөв бүхэлдээ өөрчлөгдсөн төсөв болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-06 15:59:38

Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаанаас тодруулга авлаа.

-Ирэх оны төсвийн хоёр дахь шатны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байна. Засгийн газрын өргөн барьснаас хэр өөрчлөлт орж байна вэ?

-Засгийн газрын өргөн барьснаас ихээхэн өөрчлөлт гарна. Засгийн газар тал хувийг нь татаад авчихсан. Дээрээс нь гишүүд, байнгын хорооноос гарсан саналаар нэлээд өөрчлөлт орно. Тийм учраас энэ төсөв бүхэлдээ өөрчлөгдсөн төсөв болно.

-Голлох ямар өөрчлөлт оров?

-Бүх л зүйл анги дээрээ өөрчлөлт орлоо шүү дээ. Бүтцийн өөрчлөлтөөсөө ухарлаа. Зардал нэмэгдэж, орлого буурч байх жишээтэй, бүх зүйл анги дээр өөрчлөлт орж байна.

-Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, хүчний байгууллагын төсвийг өмнөх жилээсээ буурахгүй байх бодлого барьж байгаа гэж байсан. Энэ байр суурь хадгалагдаж байгаа юу?

-Амьдралд чинь зайлшгүй хэрэгцээ гэж байна. Тэвчиж болох хэрэгцээ гэж бий. Засгийн газар зайлшгүй хэрэгцээгээ хангах төсөв оруулж ирсэн гэж бодож байна. Тийм учраас нийгмийн салбарын хэвийн үйл ажиллагааг хангахуйц төсөл оруулж ирсэн хэрэг.

-Сүүлийн жилүүдэд УИХ Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийг ихээхэн өөрчилж байгаа нь эдийн засаг савлахад нөлөөлж байна гэж шүүмжлэх болсон?

-Үнэн ш дээ. Бүтцийн өөрчлөлтийн саналыг АН-ын бүлэг дээр ярьж байгаад өөрчилж байна. Засгийн газар татаж авч байна. Засгийн газар оруулсан бодлогоосоо ухарч байна. Төсөв оруулж ирсэн Засгийн газар бодлогоо өөрчлөөд байгаа юм чинь яах юм бэ.

-УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс Засгийн газар төсвийн төслөө татаж авах хэрэгтэй гэсэн асуудлыг тавьж байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ажлыг үр дүнтэй хийхийн тулд түргэн татаж аваад 2-3 хоногт зарчмын саналаа тусгаад шинэчлээд оруулж ирсэн бол ажлын эрх ашигт нийцэх байлаа.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ