Түүхэн уулзалт болох Сингапурын зочид буудалд аюулгүй байдлыг чангатгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-07 12:49:15

СИНГАПУР. /TASS/. Хятадын дарга Си Зиньпин, Тайванийн засаг захиргааны тэргүүн Ма Инзю нарын түүхэн уулзалт хэдхэн цагийн дараа болох гэж байгаа Сингапурын "Шангри-ла" зочид буудлын орчимд аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авсан байна.  

Зочид буудалд ирж буй автомашин бүрийг цагдаагийн ажилтнууд шалгаж байгаа аж. Зочид буудлын ногоон байгууламжийн бараг бүх бут болгоны дэргэд бүрэн зэвсэглэсэн тусгай албаны цэргүүдийг байрлуулжээ. Харин зочид буудлын маш олон давхрыг хаасан байна. Гэхдээ дал модоор хүрээлэгдсэн, гоёмсог ил усан сан зочид буудлын зочдод урьдын адил нээлттэй байх аж.

Албан бус мэдээллээр, түүхэн уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийн дийлэнх нь Тайванийн хэвлэл мэдээллийнхэн байна. Тэд уулзалт хийх өдөр, газрыг зарласнаас хэдэн цагийн дараа бүр лхагва гарагаас эхлэн Сингапурт ирцгээжээ.

Си Зиньпин, Ма Инзю нарын уулзалтын талаар албан ёсны төлөөлөгчид дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөөгүй байна. Тайванийн эх сурвалжийн мэдээлснээр, уулзалт урьд нь таамаглаж байсан 20 минут бус нэг цаг орчим үргэлжлэх аж. Түүхэн уулзалт орон нутгийн цагаар 15:00 цагт эхлэх төлөвтэй байна. Хоёр улстөрч хоёул уулзалт эхлэхийн өмнө сэтгүүлчдэд товч мэдэгдэл хийж магадгүй бөгөөд үүний дараа яриа хэлцээг хаалттай явуулна.

Уулзалтын дараа талууд тус тусдаа хэвлэлийн бага хурал хийнэ. Гэхдээ Хятадын дарга хэвлэлийнхэнд өөрөө мэдээлэл хийхгүй. Түүний оронд тус улсын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудлыг хариуцсан газрын дарга Жан Жизюнь мэдээлэл хийх юм. Харин Ма Инзю сэтгүүлчдийн асуултуудад биечлэн хариулахаар төлөвлөжээ.

Мэдээлэл бүхий эх сурвалжийн мэдээлснээр, Си Зиньпин, Ма Инзю хоёр “Шангри-ла” зочид буудлын ресторануудын нэгд оройн зоог барина.

Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Ма Инзю оройн зоогт Тайванийн адил нэртэй арал дээр үйлдвэрлэдэг өөрийн уух дуртай дарс болох “Мазу”-г 8 лонхыг тусгайлан авч очих аж. Уг арлын оршин суугчид бүгд Хятадын зүүн хойд нутгийн Фүзянь мужаас гаралтай юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ