Тэшиг сумынхан "Дэлхийн зөн"-д зориулсан талархлын өдөрлөг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сумын Соёлын төвд "Дэлхийн зөн" Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй "Булган хангай хөгжлийн хөтөлбөр"-ийн хаалтын арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт боллоо.Энэхүү арга хэмжээг Тэшиг сумын Засаг дарга Б.Батсайхан нээж, "Булган хангай хөгжлийн хөтөлбөр"-ийн менежер Б.Ганцэцэг ажлын тайлангаа тавив. Дээрх хөтөлбөрт хамрагдсан хүүхэд залуус өөрсдийн бэлтгэсэн "Дэлхийн зөнд баярлалаа" урлагийн тоглолтоо иргэдэд сонирхуулав. Хүүхэд залуусыг төлөөлөн сурагч Ш.Сэрчмаа талархал дэвшүүллээ. Мөн нутгийн иргэд "Алтан намар "үзэсгэлэн худалдаа гаргаж, хүүхдүүд өөрсдийн гараар хийсэн бүтээлээ дэлгэжээ. Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн хүүхэд , тэдний гэр бүл, иргэдийн хэрэгцээ рүү чиглэсэн оюун санааны болон нийгмийн хувьсган өөрчлөлт хийхэд нь ихэд тусалсныг өдөрлөгийн үеэр онцлов. Хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэнийг Бүрэн дунд сургуулийн захирал С.Сүнжидмаа, Цэцэрлэгийн эрхлэгч С.Энхсувд, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Э.Цолмон талархалтай, үнэлсэн үг хэлсэн юм. Тэшиг сумын "Ноён" засварын газрын эзэн Д. Золбаяр ч хөтөлбөрт хамрагдаж, их зүйл сурснаа болон байнга дэмжин ажилласан "Дэлхийн зөн" , сумын удирдлагуудад талархал илэрхийллээ. Ийнхүү сум орны хөгжил дэвшил, хүүхэд ,залуус, иргэдийн сайн сайхны төлөө ажилласан " Дэлхийн зөн" олон улсын байгууллагад Тэшиг сумынхан бүтээлч өдөрлөгөөрөө талархлаа дэвшүүлсэн нь шинэлэг ажил боллоо гэж Тэшиг сумаас Д. Оюун-Эрдэнэ утсаар мэдээллээ.
Ж.Батсайхан