47 малчин өрхөд 225 сая төгрөгийн мал олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-15 19:54:50
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Залуу малчин цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ухаан болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймгийн  9 сумын 47 өрхийг малжуулжээ. Нийт 225.000.000 төгрөгийн малыг тус өрхүүдэд  олгосон байна.

Малжуулах хөтөлбөрт хамрагдсан Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар, Түвшинширээ, Онгон, Дарьганга, Наран, Баруун-Урт сумдын малчдад тус бүр 4-5 сая, нийт 225 сая төгрөгийн мал олгожээ. Тухайн малчид тус хөрөнгийн дэмжлэгийг 24 сарын хугацаанд 100 хувь буцаан төлөх ёстой аж.  Ингэхдээ ямар нэгэн хүүний нэмэгдэлгүйгээр үндсэн мөнгийг л төлөх юм байна.

“Хөтөлбөрт хамрагдалгүй үлдсэн Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт, Халзан сумдад өнгөрсөн жил энэхүү хөтөлбөр маань хэрэгжсэн. Тиймээс бид үлдсэн есөн сумыг энэ жил сонгосон юм. Энэ жилээс зээлийн  эргэн төлөлт  100 хувь болсон. Гэхдээ энэ бол ямар ч хүүгүй.  Харин өнгөрсөн жилийн хөтөлбөрт хамрагдсан малчдын хувьд зээлийнхээ 50 хувийг л төлөх ёстой. Одоогоор тус дэмжлэгийн эргэн төлөлт үргэлжилж байгаа. Хэдхэн чанаргүй төлөлт байгааг эс тооцвол ерөнхийдөө гайгүй. Малчид маань боломжоороо төлөлтөө хийгээд явж байна. Уг нь зээлээ хугацаанд нь хийгээд дуусгачихвал мал нь малчдад өөрсдөд нь үлдэнэ. Түүгээрээ цаашид амьдрал ахуйгаа сайжруулах бүрэн боломжтой...” хэмээн аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Я. Отгон хэллээ.
Т. Одончимэг
Холбоотой мэдээ