Малжуулах хөтөлбөрт 100 өрх хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-17 22:21:16
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Илгээлтийн эзэн" малжуулах хөтөлбөрт Баянхонгор аймгийн хэмжээнд 100 залуу өрх хамрагдлаа. 
Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, залуу малчдын халааг бэлтгэх зорилго бүхий тус хөтөлбөрт э
рхэлсэн тодорхой ажилгүй, айлд туслах малчин хийдэг өөрийн малгүй, мал маллах сонирхол, чадвар бүхий айл өрхүүдийг хамруулжээ.
Хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн ИТХ-ын баталсан тогтоолын дагуу, аймгийн Засаг даргын ангилагдаагүй зардлаас 90 сая төгрөг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон 210 сая төгрөгийн хөрөнгөөр 100 айлд 3 сая төгрөгийн мал авч өгч байгаа аж. Тус мө
нгөөр өрхүүд төл нийлсэн 100 малыг худалдан авч байгаа бөгөөд мал авахаар тохирсон айлын данс руу нь мөнгийг шилжүүлж байгаа юм байна. Ийнхүү гарааны зээл болгон авч буй мөнгийг тухайн иргэд хоёр жилийн дотор эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд ямар хуваарийн дагуу хэрхэн төлөхийг малчдын санал дээр үндэслэн тохиролцох гэнэ.
"Энэ жил зуншлага тааруу болсноос өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид дор бүрнээ анхаараарай. Төсөлд хамрагдаж байгаа малчид айл өрхөөс мал худалдаж авахдаа тарга тэвээрэг, ашиг шимийг бодолцож, тухайн айлтайгаа харилцан гэрээ байгуулж, өвөлжилтдөө сайтар бэлтгэж малаа онд мэнд оруулж, өсгөж, үр шимийг нь хүртээрэй" хэмээн аймгийн удирдлагууд захиж байсан. Хөтөлбөрт хамрагдсан малчид иргэний харьяаллаа тухайн сумдаа шилжүүлж, гэр бүлээрээ төвхнөх нөхцөлтэй бөгөөд хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг бэлэн байх аж.
Цаашид "Илгээлтийн эзэн" хөтөлбөрийн хэрэгжилтэд Баянхонгор сумын ЗДТГ,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хяналт тавьж ажиллана. 
                                                                                                                                  Б.Мөнхзул
Холбоотой мэдээ