МАГАТЭ-гийн тэргүүн дахин улиран сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-19 11:46:52
ЖЕНЕВ. /Киодо/. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг хянах чадвараа нэмэгдүүлнэ гэж Олон улсын атомын эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ-гийн тэргүүн мэдэгдсэнийг Японы “Киодо” агентлаг уламжиллаа.

2009 оноос хойш МАГАТЭ-г удирдаж байгаа Юкия Амано тус байгууллагыг дахин дөрвөн жил удирдахаар болсон байна. Түүний тус байгууллагыг удирдах ээлжит дөрвөн жилийн хугацаа энэ оны 12 дугаар сараас эхлэх аж.

Тэрбээр өчигдөр дахин улиран сонгогдсоныхоо дараа үг хэлэхдээ “Пхеньян цөмийн хөтөлбөрөө боловсронгуй болгохын хэрээр цөмийн болон пуужингийн туршилт хийх нь нэмэгдэж байна” гэжээ.

Хиймэл дагуулаас авсан зургуудыг ашиглан Умард Солонгосын цөмийн туршилтын талбайд хяналт тавих тусгай ажлын хэсгийг МАГАТЭ  өнгөрсөн сард байгуулсан юм.

Ю.Аманогийн хэлснээр, тус ажлын хэсэг нь Умард Солонгосын цөмийн байгууламжуудад "ирээдүй"-д шалгалт хийхэд бэлтгэх аж.  Одоогоор олон улсын шинжээчид Умард Солонгосын цөмийн байгууламжуудад хяналт шалгалт хийх боломжгүй байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт шалгалт хийх боломж ирнэ гэж Ю.Амано найдаж байна.
Г.Доржханд

 

Холбоотой мэдээ