Ан Сан Су Чи: Бид олон улсын шалгалтаас "айхгүй" байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-09-19 12:29:48
НЕЙПЬИДО. /Би-Би-Си/. Рохинжачуудын хямралыг шийдвэрлэхийн тулд биднийг хэрхэн ажиллаж байгааг "олон улс хянаж шалгах"-аас би айхгүй байна гэж Мьянмарын удирдагч Ан Сан Су Чи хэлснийг Их Британийн “Би-Би-Си” телевиз уламжилжээ.

Өнгөрсөн сарын 25-наас Ракхайн мужид эхэлсэн мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт 400 мянга гаруй рохинжа хүн хөрш Бангладеш руу дүрвээд байгаатай холбогдуулан Ан Сан Су Чи анх удаагаа ам нээсэн нь энэ юм.

Хатагтай Ан Сан Су Чи өнөөдөр нийслэл Нейпьидо хотноо мэдэгдэл хийхдээ “Рохинжачуудын дийлэнх хувь нь Мьянмарт байна. Хүчирхийлэл зогссон” гэжээ.

Есөн цагдаагийн аминд хүрсэн хэрэг гарсантай холбоотойгоор Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн өнгөрсөн сарын сүүлчээр рохинжа босогчидтой тэмцэх ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэ  ажиллагааг нь НҮБ болон олон улсын ТББ-ууд “үндэстний цөөнхийг цэвэрлэх ажиллагаа” гэж үзэж байна.

Уг ажиллагааны улмаас энгийн номхон рохинжачууд олноороо Бангладешийн хилийг давсаар байна гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Армийнхан тосгон, орон гэрийг минь галдан шатааж, биднийг хавчин дарлаж байна гэж дүрвэсэн хүмүүс ярьж байна.

Харин Мьянмарын арми саяхан мэдэгдэл хийхдээ “Босогчдыг үндсээр нь устгахын тулд бид хойд нутгийн Ракхайн мужид цэргийн ажиллагаа явуулж байна. Энгийн номхон рохинжачууд руу огт халдаагүй” гэж байв.

Ан Сан Су Чи ярихдаа “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож чадахааргүй болсон учраас өнөөдөр би мэдэгдэл хийж байна. Нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Мьянмарын Засгийн газар юу хийж байгааг би олон улсын хамтын нийгэмлэгт мэдэгдэхийг хүсэж байна. Бид хүний эрх, хуулийг зөрчихийг ямагт эсэргүүцэж, энх тайван, тогтвортой байдал ба хуулийг эрхэмлэн дээдэлсээр ирсэн” гэжээ.

Армийнхан энгийн номхон рохинжачуудын эсрэг хүч хэрэглэж, орон гэрийг нь галдан шатааж байна гэх мэдээлэлтэй холбогдуулан тэрбээр тодорхой тайлбар хийгээгүй ч “Есдүгээр сарын 5-наас хойш манай улсад ямар ч зэвсэгт мөргөлдөөн, “цэвэрлэх ажиллагаа” болоогүй” гэсэн байна.

Рохинжачуудын эсрэг хүчирхийллийг зогсоох арга хэмжээ авахгүй байна гэж олон улс Ан Сан Су Чиг шүүмжилж, тэр ч байтугай Нобелийн Энх тайвны шагналыг нь хурааж авахыг уриалах болсон юм.

Хатагтай Ан Сан Су Чи нь Мьянмар буюу Бирмийн засгийн газрын тэргүүн хэдий ч үнэн хэрэгтээ Ракхайн мужийн хэрэг, дотоодын аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл нь армийнханд байдаг аж.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ