БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсан нь Монголд нөлөөлж байна

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-11-09 14:07:01

ВАШИНГТОН. /Economywatch/. БНХАУ-ын эрэлт болон түүхий эдийн ханшийн уналтаас үүдэлтэй эдийн засгийн хямралд Монгол Улс ихээхэн автаад байна гэж “Bloomberg” мэдээлэв. Улмаар Засгийн газрын харьяа байгууллагуудыг нэгтгэж, улсын байгууллагуудын ажлын байрыг цөөрүүлэх хэмнэлтийн яаралтай арга хэмжээ авч байгаагаа Монголын Засгийн газар мэдэгджээ. 2014 оны байдлаар Монгол Улсын экспортын 80 гаруй хувийг БНХАУ руу гаргаж буй түүхий эд эзэлж байсан бөгөөд Монголын импортын 30 орчим хувийг БНХАУ хангадаг байв.

Монгол нь ОХУ болон БНХАУ-ын дунд орших далайд гарцгүй орон учраас геополитикийн маргаантай асуудал болон дэлхийн эдийн засгийн уур амьсгалын байдлыг харгалзан төвийг сахих байр сууриа хадгална гэж албаны хүмүүсийн мэдэгдсэн нь гэнэтийн зүйл биш юм. Монгол нь зөвхөн БНХАУ-аас хамааралтай биш юм. ОХУ нь Монгол улсад эрчим хүч нийлүүлдэг гэдгийг “New York Times” сонин онцлов.

Крымыг өөртөө нэгтгэсэн ОХУ-ыг буруушаасан тогтоолд санал өгөхөөс Монгол татгалзаж, төвийг сахидгаа харуулсан бөгөөд тус улсын төвийг сахих албан ёсны статус нь НАТО-тай холбоо тогтоохыг хязгаарлаж байгаа юм. Монгол Улс өрсөлдөгч талуудынхаа уур хилэнг бадраахгүйн тулд төвийг сахиж байгаа. Энэ нь эдийн засгийн хувьд эмзэг тус орны хувьд ухаалаг алхам юм. Монгол үндсэндээ хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай орон байсан бол 1990-ээд оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдсэнээр Монголын статус өссөн билээ.

Гэсэн хэдий ч, түүхий эдийн ханшийн уналт Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулалт буурснаар тус улсын эдийн засаг улам бүр дорджээ.

Хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудал

Монголын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын урт хугацааны маргаан тус улсын тогтвортой хөрөнгө оруулалтын уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн байна. Үүгээр ч зогсохгүй, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хэдэн жил үргэлжилсэн маргааны улмаас гадаадын компаниуд хөрөнгө оруулалтаа буцаан татсанаар Монголын эдийн засгийн өсөлтийн түлхэц болж байсан байгалийн баялгийг ашиглах болон эдийн засгийг төрөлжүүлэх явцад сөргөөр нөлөөлсөн байна.

Монгол хатуухан сургамжаас суралцаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг олохыг оролдож байгааг шинжээчид онцлов. Ирээдүйд Монгол илүү олон хөрөнгө оруулагч татаж чадах боловч тус улсыг хамгийн ихээр түгшээдэг БНХАУ-ын эрэлт нэмэгдэхгүй бол байдал улам хэцүүдэх болно.

Түүхий эдийн салбар

Уул уурхайн түүхий эдээс хамааралтай нь Монгол Улсын тулгамдсан асуудал боловч тус улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд улсынхаа эдийн засгийг төрөлжүүлэхээр оролдож, аялал жуулчлал, мах, мөрийтэй тоглоом зэрэг салбарын ажлаа эрчимжүүлсэн байна.

Гэсэн хэдий ч, Монголын экспортын 79 хувийг уул уурхайн салбарын түүхий эд эзэлж байгаа боловч шаардлага, боломж бололцооны улмаас энэ замыг сонгосон байна. Мөн Монгол Улс нь БНХАУ-ын эдийн засгаас тийм ч их хамааралтай биш. Жишээ нь, 20 дугаар зууны сүүл үеэс БНХАУ-ын нөлөө нэмэгдэхээс өмнө ЗХУ нь Монголын худалдааны хамгийн том түнш байсан юм. ОХУ болон БНХАУ-ын гадаад нөлөөнөөс Монгол Улс залхаж байж болох ч дотоодын бодлого зарим талаараа буруу байж ч болох юм.

Монгол өнгөрсөн хугацаанд алдаа гаргасан хэдий ч зөв, сайн бодлого авч хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралыг давах ашигтай зах зээл тус улсад байсаар байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ