С.Одонтуяа: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-09 16:07:17

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөлөр хуралдаж, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөл, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн  дэд дарга С.Одонтуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дэд дарга С.Одонтуяа, “Ард нийтийн санал асуулгын тухай хууль 1995 онд батлагдсан хэдий ч одоо хэрэглэх боломжгүй. Тийм учраас нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, 50 гаруй УИХ-ын гишүүн гарын үсэг зурсан. 1945 оны 12 дугаар сарын 20-нд анх Монгол Улсын тусгаар тогтнолыг бүх нийтийн санал асуулгаар баталж байсан. Одоогийн шинэ хуулиар 2015 оны 11 дүгээр сарын 26-нд Ард нийтийн санал асуулгыг явуулах зорилгоор энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдгийг ард түмнээс асууж байж шийднэ гэсэн үг.

Л.Цог гишүүнээр ахлуулсан ажлыг хэсэг “Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан. Өнгөрсөн хугацаанд засаглалын тогтворгүй байдал бий болсон тул Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай” гэв.

Мөн УИХ-ын гишүүн А.Бакей, “УИХ-ын даргын захирамжаар УИХ-д суудалтай нам эвслийн бүлгийн төлөөллүүд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад багагүй хугацаанд ажилласан. Ингээд Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл бэлэн болсон. Энэ хуульд Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар тусгасан. Энэ хуулийн төслийг маргаашнаас хэлэлцэж эхлэхээр төлөвлөж байна. Одоогоор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гурван хуулийн төсөл, өргөн баригдсан байна” гэлээ.

Тэрээр өөрийн өргөн барьсан Сонгуулийн хуулийн төсөлд орж буй гол өөрчлөлтүүдийн талаар дурдав.

-Тогтолцооны хувьд холимог системээ хадгална. Үүнд 48 нь тойрог, 48 мандаттай байх нь зүйтэй гэж тусгасан байгаа.

-Сонгуулийг зохион байгуулах хуваарийг санал авах өдрөөс нааш тооцох ёстой.

-УИХ-ын сонгуулийг, Орон нутгийн сонгуультай хамтад нь нэг өдөр зохион байгуулна.

-Өмнөх сонгуулиудад иргэдээс иргэний үнэмлэх шаарддаг байсан. Одоо иргэний бүртгэлтэй холбоотой систем бүрэн автомажсан учраас сонгуулийн насны сонгогч хурууны хээгээ таниулах замаар санал өгөх бүрэн боломжтой. Тийм учраас заавал иргэний үнэмлэх шаардахгүй,

-Сонгуулийн зарим хэсэг дээр нөхөн сонгууль, дахин сонгууль явах шаардлага гардаг. Цаг хугацааны хувьд хуулинд тодорхой зааж өгөөгүй байсан учраас маргаан үүсдэг байсан. Энэ хуулиар дахин болон нөхөн сонгуулийн санал авах өдрийг хоёр удаа зохин байгуулахаар тусгасан. Эхнийхийг нь 6 дугаар сарын сүүлчийн бүтэн сайн өдөр. Хоёр дахийг нь 10 дугаар сарын эхний бүтэн сайн өдөр улс даяар зохин байгуулахаар нэмж оруулсан.

-Шинээр байгуулагдаж байгаа нам эвсэл сонгууль болох өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой.

-Сонгуулийн хэсгийн хороог Сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах нэгж гэж өөрчилнө. Энэ нэгж нь сум дүүргийн сонгуулийн хороонд харьяалагдаж ажиллана. Ахлах зохион байгуулагч болон 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.

-Сонгуулийн маргаан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос хэтрүүлж болохгүй.

-Сонгуулийн компанит ажлын зардлыг аль болох хамгийн бага зардлын түвшинд зохион байгуулах асуудлыг хуульчилна.

-Сонгуулийн зардлын дээд хэмжээг СЕХ тогтоодог байсныг болиулаад Үндэсний аудитын газар тогтоож, олон нийтэд мэдээллэх ёстой гэж үзэж байна.

-Сонгуулийн мөнгөн хандивыг шинэчлэн тогтоож байна. Иргэний хувьд гурван сая хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөгийн хэмжээнд байж болно.

-Улс төрийн намууд болоод нэр дэвшигчдийн хэвлэл мэдээллийн сурталчилгаа тэнцвэртэй ёстой гэж үзэж байгаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ