Цагдаагийн газраас сумдын Засаг дарга нарт санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-21 13:01:41
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ХСИС-ийн Цагдаа судлалын тэнхимтэй хамтран криминологи судалгааны ажлыг эхлүүлээд байгаа билээ. Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат сумдын Засаг дарга нартай уулзалт зохион байгууллаа.
Тэрбээр хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд сумдад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч нарыг унаагаар болон бэлэн бус торгуулийн машин /police reidr/, согтуурал хэмжигч багаж /драгер/, согтуурал тандагч багажаар хангах, сумын төвүүдийг камержуулах шаардлагатай байгааг илэрхийлээд хамтран ажиллах санал тавив.
Сумдын Засаг дарга нар Цагдаагийн газраас гаргасан саналыг дэмжин шаардлагатай техник хэрэгслүүдийг үе шаттайгаар авч өгөх, сумдын хэсгийн төлөөлөгч нарыг машин, техникээр хангахад туслалцаа үзүүлэхээ амаллаа.
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах зорилгоор криминологи судалгааны ажлыг хийж байгаа ба судалгааны дүн ирэх 11 дүгээр сард гарах юм. Энэ хүрээнд “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” бодлогын баримт бичиг боловсруулах төслийг боловсруулж, төрийн шат шатны байгууллагад танилцуулж байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ