"Хамтарсан баг-Иргэдийн амьдралд" аян өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-21 15:04:53
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Аймгийн Зохицуулах Зөвлөл / ГХУСАЗЗ /, Дархан сумын ГХУСАЗЗ-ийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамтарсан багуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилтын хүрээнд “Хамтарсан баг–Иргэдийн амьдралд” 3 сарын аян зохион байгууллаа.

Аяныг сумын ГХУСАЗЗ сумын ЗДТГ, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтнүүдтэй хамтран дүгнэсэн байна. Ингэхдээ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, сумын ЗДТГ-аас санал авч Дархан сумын 2,13 дугаар багийг шалгаруулжээ.

Дархан сумын ГХУСАЗЗ-өөс “Хамтарсан баг-Иргэдийн амьдралд“ аяны удирдамж, төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг бүрэн хэрэгжүүлж ажилласан дээрх хоёр багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
Шагналыг Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, сумын ИТХ-ын Тэргүүлэгч Д.Жамбалдорж нар гардуулан өглөө. 
Цаашид хамтарсан багууд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд илүү анхаарч иргэдийг мэдээ, мэдээллээр хангаж ажиллах шаардлагатайг Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням онцлон хэллээ.

Түүнчлэн Дархан сумын 15 дугаар багийн "Хамтарсан баг" иргэн гурван хүүхэдтэй, гэр оронгүй иргэн Б-г газар, орон гэртэй болгох асуудлыг шийдвэрлэж өгчээ.
Л.Отгонбаатар 
Холбоотой мэдээ