Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Байгаль орчин, экологийн хяналтын хороо” НААҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-22 15:47:47
Дархан-Уул/МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга болон ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хороо гишүүд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр тулгамдаж буй олон асуудлуудаа хэлж ярилцахын зэрэгцээ хорооны зүгээс тухайн байгууллагад олон санал зөвлөмж өгчээ. 
Уулзалтын эхэнд НААҮГ-аас энэ онд хийж гүйцэтгэсэн ажлуудын тайлангаа хяналтын хороонд танилцуулсан юм.
Тодруулбал: “Шарилжгүй Дархан” дэд хөтөлбөр, зүлэг талбай, ногоон байгууламжийн арчлалт суулгац, хог тээвэрлэлт, мод үржүүлэг, золбин нохойн устгал, хот доторх малын туувар зэрэг олон ажлын дүн мэдээ тайланг өглөө.
Дархан хотын өнгө үзэмж, нийтийн эзэмшлийн зам талбайн арчлалт хамгаалалтыг бүрэн хариуцан ажилладаг энэ байгууллага орон нутгаас тогтоосон төсөв хөрөнгөд багтаан өөрсдийн бүхий л ажилдаа хуваарилан зохион байгуулдаг ажээ. 
Хотын хэмжээнд хог тээвэрлэлтэнд явж байгаа 30 гаруй авто машин, техник байгаа ч үүнээс 16 нь насжилт өндөр буюу ашиглалтын хугацаа дууссан 1970-1985 онуудад үйлдвэрлэгдсэн автомашинууд байгааг гэнэ. Иймд энэ асуудлыг аймаг, орон нутгийн зүгээс анхааралдаа аван гадаад орны туслалцаа санхүүжилт зэргээр шинэ автомашин, техник технологийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байгааг талууд уулзалтын үеэр хэллээ.
Мөн үеэр хяналтын хорооны зүгээс орон сууц хорооллын цэвэрлэгээ, хог тээвэрлэлт сайн байгааг онцолж , гэр хорооллын хог тээвэр арчлалт, хамгаалалтыг орхигдуулаад байгааг тэдэнд хэлж байлаа.
Харин тухайн байгууллага Дархан сумын 18 баг бүрт хүрч ажиллаж байгаа хэдий ч иргэд өөрсдөө хог тээвэрлэлтийн төлбөрөө тухай бүрт нь төлдөггүй учраас асуудал үүсдэг байна. Иймээс зам талбай, хог хаягдлыг цэвэрлэх асуудлыг бодлогын түвшинд хэрэгжүүлэх баримт бичиг буюу ирэх 4 жилийн мастер төлөвлөгөөг боловсруулан батлан ажиллах нь зүйтэйг хорооны зүгээс НААҮГ-т зөвлөлөө.

Бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж орон нутгийн хөгжлийн сангаас гэр хорооллуудад шинэ замууд баригдсаар байгаа. Гэвч шинээр ашиглалтанд орсон тухайн замуудад хог, шороо ихээр цугларч, эргээд тоосжилт үүсгэх асуудлыг дагуулж буйг анхааруулан арчлалт хамгаалалт эсвэл бохирдол үүсгэхээс хэрхэн сэргийлэх арга замыг боловсруулах нь зүйтэйг Байгаль орчин экологийн бодлого хяналтын хороо гишүүн М.Жаргалсайхан хөндөж байсан юм. 

Манай аймгийн НААҮГ нь Байгаль орчны яамнаас 21 аймагт зарласан цэвэр сайхан хот аянд оролцон 3 дугаар байр эзэлж 7.5 сая төгрөгөөр шагнуулж энэхүү хөрөнгөөр Дархан хотдоо шинэ ногоон төгөл байгуулахаар төлөвлөсөн ажээ.
Байгаль орчин экологийн хяналтын хороо НААҮГ-ын үйл ажиллагаатай танилцсан  уулзалтаар холбогдох байгууллагаас олон санал санаачлагыг хүргүүлэхээс гадна НААҮГ-т тулгамдаж байгаа асуудлуудыг хамтран шийдвэрлэх эхлэлийг тавилаа.
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ