Германд парламентын сонгууль болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-24 19:44:09
БЕРЛИН. /Ройтерс/. ХБНГУ-д өнөөдөр парламентын сонгууль болж байна. Энэ сонгууль нь Ангела Меркель тус улсын канцлераар дөрөв дэх удаагаа сонгогдох эсэхийг шийдэх юм.

"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, санал авах байрууд өглөөний 08:00 цагт үүдээ нээсэн байна. Дөрвөн жил тутамд болдог энэ сонгуульд санал өгөх эрхтэй 18 ба түүнээс дээш насны 61.5 сая хүн байгаа аж.

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнгээс үзвэл, А.Меркелийн тэргүүлдэг консерватив үзэлт Христийн ардчилсан холбоо намыг дэмжигчдийн тоо 36 хувьтай байгаа бол тус намын гол өрсөлдөгч болох Социал-демократ намыг дэмжигчдийн тоо 22 хувьтай байна.

Христийн ардчилсан холбоо намыг дэмжигчдийн тоо өндөр байгаа нь сүүлийн 12 жилийн хугацаанд А.Меркель канцлераар ажиллах хугацаанд  Германы эдийн засаг улам хүчирхэг болж, ажилгүйдлийн түвшин эрс буурсантай холбоотой юм.

Дүрвэгчдийг хүлээж авахыг эсэргүүцэж буй, барууны төвч үзэлт шинэ нам болох Германы төлөөх өөр нам парламентад суудалтай болох магадлал өндөр байна. Ажиглагчдын хэлснээр, энэ нам сонгуульд гуравдугаар байрт орж магадгүй.

Санал авах байрууд 18:00 цагт хаалгаа барьснаар саналын хуудсуудыг шууд тоолж эхлэх аж.

Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ