Ахмадуудын гэрт очиж төрийн үйлчилгээг хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-10 10:46:05

Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас мэдээлж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЗДТГ-аас "Иргэн таны төлөө” жилийн хүрээнд "Гэрээр очиж үйлчлэх” ажлыг энэ долоо хоногт зохион байгуулан явууллаа.

Тус ажлын хүрээнд арван хоёр ахмад настан иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг гэрт нь хүрч очиж үзүүлж, ахмадуудтайгаа уулзаж, санал бодлыг нь сонсож байгаа юм. Энэ удаа сумынхаа 2-р багийн өндөр настан П.Гармаажав, П.Мөнхөөш нарын гэрт нь очиж төрийн үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Зорилтот бүлгийн иргэдийн сэтгэлд нийцсэн ажил хийжээ

Аймгаас зарласан “Иргэн таны төлөө” жилийн ажлын хүрээнд сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЗДТГ-аас иргэд рүүгээ чиглэсэн нэлээд хэдэн ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм.

Үүний нэг нь сумынхаа хэмжээнд амьдарч байгаа нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ "Гэрээр ном олгох” үйлчилгээг зохион байгуулан явуулсан байна. Тус ажлын хүрээнд төрөл бүрийн уран зохиолын ном, өдөр тутмын сонин хэвлэлийг хүргэж, номын сангийн карт нээн өгч ажиллажээ. Тус үйлчилгээ нь зорилтот бүлгийн иргэдийн сэтгэлд нийцсэн ажил болж чаджээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ