Таеквондогийн тамирчид дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-25 14:33:21
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон 13 тамирчны хоёр нь Сүхбаатар аймгийн тулааны спортын Эхлэл клубын тамирчид юм. Тэдний хувьд орон нутагтаа таеквондогийн дэлхийн аваргын хоёр, гурав дахь медалийг авчирлаа.  Өмнө нь 2011 онд мөн тус клубын тамирчин А. Зууннаст анхны мөнгөн медалийг хүртэж байсан юм.

Сүхбаатар аймгийн Эхлэл клубын багш дасгалжуулагч Н. Нэргүй нь дэлхийн аваргын тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож, дэлхийн аварга болсон бол тамирчин Б.Пүрэвжав нь тус тэмцээнд анх удаагаа орж ийнхүү мөнгөн медаль хүртсэн байна.

“Анх удаа дэлхийн аваргын тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Ялангуяа багштайгаа хамт орж зэрэг медаль хүртэнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг. Би бэлтгэл сургуулилтаа аймагтаа багшийнхаа удирдлаган дор хийсэн, сүүлийн хэд хоног Монгол Улсаас явах баг тамирчидтайгаа нийлж бэлтгэл хийсэн байгаа. Тамирчдын хувьд аливаа тэмцээн уралдаанд явахад хамгийн хүндрэлтэй зүйл нь сангүүгийн асуудал байдаг. Энэ удаад аймгийн ЗДТГ-аас бидэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж биднийг тэмцээндээ оролцох, улмаар амжилт гаргах боломжийг бүрдүүлж өгсөн. Тиймээс нийт туслаж дэмжсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлмээр байна. Ирэх онд Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болно. Энэ тэмцээнээс медалийнхаа өнгийг хувиргахын төлөө одооноос бэлтгэл сургуулилтаа хийж эхлэх болно. Учир нь надад маш олон хүн итгэл хүлээлгэж байгаа шүү дээ...” хэмээн Дэлхийн аваргын мөнгөн медальт Б. Пүрэвжав хэллээ.

Олон улсын Таеквон-догийн Монголын холбооны шигшээ багийн тамирчид БНАСАУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнд 13 тамирчин хоёр дасгалжуулагч нэг олон улсын шүүгчийн хамт оролцоод ирлээ. Манай тамирчид багийн дүнгээр 69 орноос 7 дугаар байрт оржээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ