Өнгөрсөн жил агаарын бохирдол дээд цэгтээ тулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2015-11-10 10:55:49

НҮБ. /NHK/. Агаар дахь хүлэмжийн хийн түвшин 2014 онд хамгийн дээд цэгтээ хүрсэн байна гэж НҮБ-ын Цаг уурын агентлаг мэдэгдэв.

Агаар дахь нүүрстөрөгч болон хүлэмжийн бусад хийн түвшинд хийсэн өнгөрсөн жилийн судалгааны дүнг Дэлхийн цаг уурын байгууллага өчигдөр танилцуулжээ. Дэлхийн цаг уур болон судалгааны байгууллагуудын өгсөн мэдээлэлд суурилан уг дүгнэлтийг гаргасан байна.

2014 онд агаар дахь нүүрстөрөгчийн хэмжээ 397.7 промилл хүрсэн нь 2013 оныхоос 1.9 промиллээр илүү бөгөөд агаарын бохирдлыг хэмжиж эхэлсэн буюу 1984 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

2014 он хүртэлх сүүлийн 10 жилд ангаарын бохирдол дунджаар 2.06 промиллээр нэмэгдсэн нь 1999 он хүртэлх 10 жилийн үзүүлэлтээс 1.5 промиллээр өндөр үзүүлэлт ажээ.

Мөн агаар дахь метаны агууламж 1833 промилл хүрсэн бол азотын ислийн хэмжээ 327.1 промилл хүрч, өмнө нь тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдийг давсан байна.

Энэ сарын 30-нд Францад болох Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий конвенцид энэ дүгнэлтийг илгээх аж.

“Цаг хугацаа явсаар байгааг үргэлж сануулж байгаа бөгөөд улс орнууд одооноос эхэлж арга хэмжээ авах хэрэгтэй” гэж Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Жарро мэдэгдээд, Парис хотод болох бага хурлын үеэр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үр дүнтэй арга замыг олохыг уриалсан байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ