Иракийн Курдын өөртөө засах оронд бүх ард түмний санал асуулга эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-25 15:11:33
МОСКВА. /ТАСС/. Иракийн Курдын өөртөө засах орны нутаг дэвсгэрт даваа гарагт Иракийн Курдистаны тусгаар тогтнолын асуудлаархи бүх ард түмний санал асуулга эхэллээ гэж телевизийн Rudaw суваг мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
Бүх ард түмний санал асуулгад оролцохоор нийт 5,2 сая хүн бүртгүүлсэн ба тэд “Курдистан бүс нутаг болон түүний хил хязгаарын гадна орших курдын нутгууд тусгаар тогтносон улс болохыг та хүсч байна уу” гэсэн асуултад “тийм” эсвэл “үгүй” гэж хариулах ёстой юм. Санал хураах хэсгүүд дээр санал асуулга дууссанаас хойш нэг хоногийн дараа санал асуулгын дүн мэдэгдэх аж.
 
Иракийн Курдистаны сонгуулийн болон бүх ард түмний санал асуулгын хараат бус дээд комиссын мэдээлснээр, санал асуулгын явцыг олон улсын 400 гаруй ажиглагч хянаж, 600 гаруй сэтгүүлч сурвалжилж байгаагийн гуравны нэг нь гадаад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид байгаа ажээ.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ