Египетийн нислэгийн хориг олон жил сунжирч магадгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-11-10 15:29:42

“Өнгөрсөн баасан гаригт Орос улс Египт рүү хийдэг байнгын, чартер болон транзит нислэгүүдийг  цуцалсан билээ. Тэгвэл  оросын  “Коммерсант” сонин өнөөдрийн дугаартаа Засгийн газар дахь  эх сурвалжаа  иш татан энэхүү хориг  олон жил сунжирч магадгүй  хэмээн  уламжилжээ.

Египтед Оросын 80 орчим мянган жуулчин амарч байсны  дийлэнхийг Орос улсын засгийн газрын 11 дүгээр сарын 6-ны өдрөөс  авсан арга хэмжээний хүрээнд  тусгай нислэгүүдийг  зохион байгуулсны үр дүнд одоо  Египтед оросын 25 мянган жуулчин үлдээд байгаа тухай ХМХ-үүд уламжилж байна. Засгийн газраас Египет  рүү  жуулчлахыг зогсоогоод байгаа бөгөөд цаашид  Оросын иргэдийн аюулгүй байдалтай холбогдуулан  бусад орнууд руу ч жуулчлах боломжуудыг хориглох асуудлыг хэлэлцэх гэж  байгаа тухай “Коммерсант”  өгүүлжээ.  

Оросын жуулчдын  Египетийн Шарм-эль –Шейх, Хургада амралтын газруудад амрах хугацаа  энэ сарын 25 -ны өдөр тасалбар болно. Одоогийн байдлаар онгоцоор  нисэх тийзтэй зорчигчдыг Египетээс хуваарийн дагуу тээвэрлэж байгаа бөгөөд гар ачаанаас бусдыг тусгай ачааны онгоцоор тээвэрлэж байна. Энэ бүгд нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хийж  буй юм.       

Орос улсын Засгийн газрын шадар сайд Аркадий  Дворкович “ Тусгай албаныхан бусад орнуудтай агаарын холбоогоо  зогсоох асуудлаар хараахан зөвлөмжүүд ирүүлээгүй байна “ гэж сонинд дурджээ. Тэрээр Египетийн нислэгүүдийг  цуцалсан явдал нь  9 дүгээр  сарын 30-наас эхлээд  байгаа Орос улсын Сирид явуулж байгаа цэргийн ажиллагаатай огт холбоогүй “ гэж онцлон тэмдэглэжээ.   

10 дугаар сарын 31 -ний өдөр  Орос улсын “Когалымавиа” компанийн  Шарм-эль-Шейх –Санкт Петербургийн чиглэлд нисч явсан  А-321 онгоц  Синайн хойгт осолдож  онгоцны 217 зорчигч, багийн 7 гишүүн бүгд амь үрэгдсэн билээ.  Ослын шалтгаануудыг тодруулж байгаа бөгөөд үүнд  халдлага  байх магадлал өндөр хувьтай байгаа юм. 

Москва хот. А.Огторгуймаа  

 

Холбоотой мэдээ