Германд ижил хүйстнүүд гэрлэхийг хуулиар хүлээн зөвшөөрөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-02 11:17:37
БЕРЛИН. /Спутник/. Германд ижил хүйстнүүд гэрлэхийг зөвшөөрөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 10 дугаар сарын 1-нд хоёр эрэгтэй гэрлэлтээ баталгаажуулсан анхны ижил хүйстэн хос болжээ.

Оросын "Спутник" агентлагийн мэдээлснээр, 38 жил хамт амьдарсан Карл Крейл, Бодо Менде нар Берлин хотын Шёнеберг дүүргийн захиргааны байранд өчигдөр гэрлэлтээ баталгаажуулсан байна.

Германд 2001 оноос хойш ижил хүйстэн хосуудыг “хамтран амьдрагч”-аар бүртгэж эхэлсэн хэдий ч тэднийг “гэр бүл” гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байсан аж.

Ижил хүйстнүүд гэрлэхийг хуулиар зөвшөөрөхийг тууштай эсэргүүцсээр ирсэн Германы Канцлер Ангела Меркель байр сууриа өөрчилснөөр тус улсын парламент ижил хүйстнүүд гэрлэхийг зөвшөөрөх тухай хуулийг энэ оны зургадугаар сард баталсан юм.

Европын Холбооны гишүүн орнуудаас Нидерланд улс анх 2000 онд ижил хүйстнүүд гэрлэхийг хүлээн зөвшөөрч байжээ. Одоогоор тус холбооны гишүүн 15 улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөөд байна.

2014 онд Эстони улс ижил хүйстнүүд гэрлэхийг хуулиар зөвшөөрсөн юм. Ингэснээр тус улс нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас ижил хүйстнүүдиын гэрлэлтийг зөвшөөрсөн анхны улс болж байв.

Өмнөд Америкт Аргентин, Бразил, Колумб болон Уругвай улс, Африкт ганцхан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөөд байгаа бол Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудаас Шинэ-Зеланд улс л ижилт хүйстнүүд гэрлэхийг хуулиар зөвшөөрөөд байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ