Манай уран бүтээлчдийн тоглолт үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-10-02 15:53:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний урлагийн их театр /ҮУИТ/-ынхан  “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-2017”-д бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 150 уран бүтээлч тоглолтоо хийгээд ирлээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод есдүгээр сарын 25-30-нд болсон хоёр дахь удаагийн экспод Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын уран бүтээлчдийн хүндэтгэлийн хамтарсан тоглолтоо 9 дүгээр сарын 25-нд толилуулав. Харин Хөх хотын Улаан театрт “Үндэсний урлагийн гайхамшиг” бие даасан тоглолтоо 9 дүгээр сарын 26-нд тоглож үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа.
Энэхүү тоглолтын хөтөлбөрт театрын уран бүтээлчдийн бүхий л шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд Ардын жүжигчин Д.Самбуу, МУГЖ.Н.Амгалан, С.Цогтсайхан, МУСТА.Д. Амаржаргал, Ц.Түмэнжаргал, Д. Наранхүү зэрэг дуучид ая дуугаа өргөсөн бол Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга “Ёслол хүндэтгэлийн бүжиг”, “Монгол бүжгийн гайхамшиг” , “Хонхот Чичрэг”, “Шилийн богдын салхи”, “Салхит шувуун” зэрэг бүжгээрээ экспод оролцогчдыг гайхшруулав. Түүнчлэн Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ удирдаач УГЗ.Н.Буянбаатарын удирдлаган дор тоглож, тоглолтын ерөнхий найруулагчаар Д.Ганболд ажиллажээ.
Ж.Болор
Холбоотой мэдээ