Үе тэнгийнхэндээ нөлөөлөх сургагч багш бэлтгэж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2017-10-03 14:54:42
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Г.Эрдэнэсүхийн санаачлагаар “Оюутны эрүүл мэндийг дэмжих хоёр сарын аян”-ы хүрээнд Дархан-Уул аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны санаачилгаар аймгийн ЗДТГ, ЭМГ-тай хамтран сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдөр эхлүүллээ.

“Бид үе тэнгийн сургагч багш” нэртэй энэхүү сургалт нь шинээр элсэн орсон оюутан залууст эрүүл мэндийн боловсрол олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, залуусыг бие биедээ нөлөөлөх зарчмаар үе тэнгийн сургагч багш бэлтгэн гаргах, бэлгийн замын халдварт өвчин хүсээгүй жирэмслэлтийг бууруулах, согтууруулах, мансууруулах бодисын хор нөлөөг бусад оюутан залуучуудад ойлгуулан таниулах зорилготойг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Манай аймгийн хэмжээнд нийт есөн их, дээд сургууль, МСҮТ-д 8000 гаруй оюутан залуус суралцаж байна. Энэхүү гурван өдрийн сургалтад нэгдүгээр дамжааны 25 оюутан хамрагдаж байгаа ажээ. Өсвөр үеийн залуучууд буруу нөлөөнд өртөх магадлал өндөр байдаг учраас уг сургалтыг явуулж үе тэнгийнхэндээ нөлөөлөх сургагч багшийг бэлтгэж байгаа юм байна.
Цаашид сургагч багшаар суралцсан оюутнууд сургуулиа төгсөтлөө үе тэнгийнхэндээ эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгааг явуулж буруу нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэх ажээ.
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ