Мод суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2017-10-09 16:46:35
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон хэрэгжүүлсэнээр  7 дахь жилтэйгээ золгож байна. Энэ өдрийг угтан 10 дугаар сарын 7-ны өдөр аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газраас “Мод суулгацын үзэсгэлэн худалдаа”-г Олон Улсын худалдааны төвийн урд талбайд зохион байгууллаа. 
Тус үзэсгэлэн худалдаагаар мод тарьж, үржүүлдэг иргэд, ААН-үүд хуш, нарс, гацуур, шилмүүст болон жимсний модны суулгацуудыг борлуулж, худалдан авагчдад мод тарих заавар зөвлөгөө өгсөн байна. 
Намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 14-ний өдөр тохиож байгаа. Энэ өдөр аймгийн Засаг даргын захирамжаар “Морин хуур” цогцолбороос Шинэ замын уулзвар хүртэлх 2 га талбайд мод тарих юм.
Тиймээс аймгийн БОАЖГ-аас төрийн болон үйлдвэр, ААНБ-иудад талбайг хуваарилан хэдэн ширхэг, ямар мод тарихыг нарийвчлан зааварласан албан бичгийг явуулжээ. Тиймээс иргэд, ААН-үүдийг заавар зөвлөгөөний дагуу мод тарьж, идэвхтэй оролцохыг уриалж байна.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ