С.Бямбацогт: УИХ-ын дарга дахин хүч түрэх юм бол огцруулах асуудал тавина
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар чуулганы хуралдааны үеэр тус бүлэг завсарлага авах болсон үндэслэлээ тайлбарлаж хэвлэлийн бага хурал хийв.
Бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн жилийн төсвийг хэлэлцэж байна. Улсын төсөв батална гэдэг нь Үндсэн хуульд заасан УИХ-ын онцгой бүрэн эрх. Ирэх жил Монгол Улс хэдий хэр орлого олох, юунд яаж зарцуулахаа нэг бүрчлэн ярьж шийдэх гэж байна. Харамсалтай нь УИХ өчигдрөөс маш цөөхөн гишүүнтэй хуралдаж байна. АН-ын бүлгийн гишүүд нэгнийхээ өмнөөс кноп дарж байгаа учраас бид хатуу эсэргүүцсэнээр өчигдөр ажлын бус цагаар буюу шөнө дөлөөр хуралдахыг болиулсан. Гэтэл өнөөдөр чуулган эхлэхэд гишүүдээр санал хэлүүлсэнгүй. Ингэж хүч түрж болохгүй. Улсын ажлыг гацаахгүйн тулд бид чуулганы хоёр дахь хэлэлцүүлэгт оролцохоор тохирсон. Зарчмын шаардлага, саналуудаа тавина. УИХ-ын дарга ийм байдлаар хууль зөрчих гэж оролдох юм бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина, шаардана гэдэгт бид санал нэгдсэн" гэлээ.
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын даргын авир хэрээс хэтэрч, хүч түрэх байдлаар, олонхиор дийлнэ гэсэн зарчмаар асуудалд хандаж буйг шүүмжиллээ. Мөн төсвийн тооцоо, үндэслэлийг зөв болгох санал шаардлагад АН хүч түрсэн байдлаар хариу өгсөн. Энэ нь завсарлага авах үндсэн нөхцөл болсон гэж Д.Хаянхярваа гишүүн тайлбарлав.
Б.Туул