Дээд боловсролтой илгээлтийн эзэд хөдөөг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
164@montsame.mn
2017-10-17 12:42:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улстөр менежментийн академийн Ерөнхийлөгч Д.Уламбаяр, Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир нар санаачлан Нийслэлийн ажилгүй 10 мянга гаруй иргэнийг ажлын байраар хангах зорилт өвөртлөн мал маллах хүсэлтэй залуусыг гараас нь хөтлөн малчин болгохоор зорьж байгаа билээ.
Өнгөрөгч амралтын өдөр тэд мал маллахаар сэтгэл, зорилго нэгдсэн илгээлтийн эзэн Х.Билгүүн, А.Тэнгис нарын хамт "Нарантуул" худалдааны төвд очиж хөдөө явах бэлтгэлийг нь хангаж өгөв. 
Д.Гомбо-Очир гуай мал маллах гэж буй залуусын намар, өвлийн хувцсыг зааж зөвлөн бэлтгүүлж байв. "Дөрвөн улирлын өнгөтэй манай нутагт “Дулаан явбал мянган лан” гэсэн хэлц үг зүгээр гараагүй нь мэдээж" гэж . Мал маллах ухааныг үр хойчдоо өвлүүлэх, тэднийг ажлын байраар хангаж, хойч ирээдүйд нь өв хөрөнгөтэй болгох зорилт тавьж ийнхүү малчдад дулаан хувцас бэлдэж яваа Д.Гомбо-Очир гуай алхам тутамдаа л үнэтэй сайхан зөвлөгөө хэлнэ. Монгол хүнийг малжуулах төсөл гэж сүйдтэй сүртэй зүйл төрийн бодлогод байхгүй болсон өнөө цагт энгийн нэг эгэл малчин ийнхүү нийслэлийн ажилгүй 10 мянга гаруй иргэнийг ажлын байраар хангах зорилт өвөртлөн мал маллах хүсэл зорилготой анхныхаа залуусыг гараас нь хөтлөн алхаж буй нь энэ.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж. Нар салхинд жиндэхгүй дулаан хувцас малчин хүний эн түрүүнд тавигдах зүйл. Тиймдээ хэлбэр муу ч, хийц сайтай дөрөө даах гутал, зузаан хөвөнтэй дээл, бүчийг нь буулгадаг малгай гээд манайханд худалдан авах зүйл их. Тэд  өвлийн хувцсаа бэлдсэний дараа "1000 ажлын байр" төслийн багийнхантай "Хэвлэлийн хурал" хийх байрандаа ирлээ. “Алтан гар” хөдөлмөрийн бирж дээр мянгат малчин Д.Гомбо-Очир гуай ирж "Малчид  малгайтай мал, алчууртай адгуус биш"  Монголын малчид бидэнд 10.000 хүнийг  ажлын байртай болгох боломж бий хэмээн уриалж байсан даа. Түүнээс хойш мал хариулах сонирхолтой залуус тус төвд нэгдэж эхэлжээ. Ингээд малчны хотонд анхны суурь хонио хүлээн авах гэж буй Хүрэлбаатарын Билгүүнтэй  ярилцлаа.
-Мал маллах тийм ч амар ажил биш. Энэ сонголтыг хэзээ гаргасан бэ?
-Ер нь малчин болоё гэж эргэлт буцалтгүй шийдсэн минь 10-аад хоногийн өмнө гарсан шийдвэр. Харин энэ санааг анх 4 дүгээр анги төгссөн жилээ зуны амралтаараа хөдөө ахындаа очиж гоё сайхныг нь мэдрээд том болоод сайн малчин болно доо гэсэн бодол төрж байсан. Тэр бодол минь өнөөдөр биелэлээ олж байна. Мөн жилийн өмнө Тэнгис  бид хоёр мал хариулах талаар ярилцаж байсан юм.  
-Англи, Орос  хэлтэй, гадаад харилцааны мэрэгжилтэн яагаад мэрэгжлээ солих болов?
-Ер нь би шударга бус зүйлтэй санаа нийлдэггүй, өнөөдөр ямар нэгэн ажилд ороход танил тал, авлига өгч байж л ажилтай болдог болсон нийгэм шүү дээ. Тэгээд ч би өвөг дээдэс уламжлалт ухаанаа сонирхон судалдаг, цаашид ч төлөвлөсөн хийх ажил их байгаа нь мэргэжлээ хойш тавихад нөлөөлсөн байх.  Үнэндээ 10.000 малчдын анхдагч болж байгаадаа баяртай байна. Миний хойноос олон сайхан залуус мал маллахаар илгээлт өвөртлөөсэй хэмээн хүсч байна.
-Мал маллах ухаанд хэр суралцсан бэ?
-Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Тэнд  төрж  өссөн, эхээс дөрвүүлээ үйлдвэрлэлийн менежер, график дизайн, бизнесийн удирдлага гээд бүгд өөр, өөр мэрэгжилтэй, би  багадаа зуны амралтаараа хөдөө хааяа очиж мал ахуйн зах зухтай болсон. Нэг удаа хонь хариулж яваад мориноосоо унаж байсан, өнөө үед мотоцикль, машинаар хонь, малаа хариулдаг болсон байна лээ. Харин бид мориор хариулна, бүх зүйлийг уламжлалаасаа суралцаж сэргээх бодолтой байгаа шүү.
-Байгалийн янз бүрийн үзэгдэл бас л шалгуур болдог. Мал төллөх үе хэцүү шүү дээ?
-Тухайн үедээ хэцүү, зутрах зүйл гарах л байх, гэхдээ малчин болно гэдэг миний мөрөөдөл ер нь мөрөөдлөө биелүүлж байгаа хүн чинь юундаа шантрах вэ дээ. Уламжлалт "Гүн ухаан" мал аж ахуйг онол практиктай нь хослуулж сонирхон судалдаг, одоо тэгээд жинхэнэ амьдрал дээр хэрэгжүүлнэ дээ. Тэгээд ч утаа, тоос шороо, чимээ  шуугиан, гэрэл  цахилгаан, телевиз,  гар утаснаас хөндийрнө, эрүүл саруул сайхан орчинд очино, сэтгэлд  сайхан санагдаж байна.
-Цаашдын зорилго, өөрийнхөө үеийнхэнд хандаж юу хэлмээр байна вэ?
- Монголын сайхан уламжлал зан заншлаа дээдэлж, өвгөдөөсөө  суралцан  газар дэлхий, байгаль уул ус, мал аж ахуйгаараа улс орноо хөгжүүлье л гэж хэлье дээ.
 Мөн мал маллахаар явж буй  Алтан-Одын Тэнгистэй ярилцав.
 -АНУ д бизнесийн удирдлага, МУИС-ийг Улс төр судлаачаар төгссөн хүн, яагаад малчин болохоор шийдэв, гэр бүлийхэнтэйгээ ярьсан уу? 
-Би 25 настай, гурван үеэрээ мал аж ахуй эрхэлж үзээгүй хотын унаган хүү. Гэхдээ өөрөө, өөрийнхөө дотоод бодлоор малчин болохоор шийдсэн. Учир нь би жинхэнэ Монгол хүн болж төлөвших, хөлс хөдөлмөрийн амтыг мэдрэхийг хүссэн. Хот суурин газар тийм ааг амтыг нь мэдрэх ажил ч алга байна шүү дээ. 
-Өөрийн үзэл бодолдоо хэр үнэн ч байдаг вэ?
-Улс төр судлаач мэргэжлээр төгссөн хүний хувьд Монгол Улсын цаашдын хөгжилд санаа тавьж, гарцын эрэлд мордсон, түүнийгээ монгол ахуй, мал аж ахуйгаас олно. Өөрөөр хэлбэл “Мал аж ахуй, малчдын амьдралаар амьдарч үзээгүй, тэдний мэдлэг чадварыг мэдэхгүй хүн шийдвэр гаргах түвшинд байж болохгүй гэж үздэг. Хүн болгон үзэл бодолдоо үнэнч царайлж ярьдаг. Би бодит байдал дээр ярьснаа хийж хэрэгжүүлэхийг хүсч байна. Малчид маань өнөөдөр өвөг дээдсээс үлдээсэн нүүдлийн соёл иргэншлийг дархалж ирээдүйд үлдээх үнэ цэнийг авч ирсэн. Өнөөгийн залуус янз бүрийн нэр хаягтай брэндийн хувцас өмсөж шивээсээр гангарч үзэл бодлоо илэрхийлж байхаар дээлээ өмсөж аялгуут сайхан монгол хэлээрээ бүрэн бүтэн ярьж сурмаар байна. Би санаагаа хэлж байгаа юм шүү. Найзууд минь буруугаар битгий ойлгоорой. .   
- Ямар нэгэн бэршээлийн өмнө шантрах нугарч хугарах зүйл гарвал яах вэ?
-Мэдээж бэрхшээлтэй тулгарах байх, гэхдээ эргэж буцахгүй. Овоон дээр гарч ээжийгээ санаж нэг уйлна, хотын гэрээ санаж хоёр дахь удаагаа уйлах байх. Суурин соёл иргэншил гоё л доо, хотынхон саарал сэтэхүйтэй болчихдог, тийм учраас  заавал малын дэргэд байгаль эх дэлхийдээ ойр байгаа хүний сэтгэлгээ хотынхноос шал өөр байдаг юм билээ. Тэгээд ч хүний мөн чанар, унаган язгуурын  шинжээ эрж хайж явж байна гэхэд болно.
Ийнхүү удамт малчны ухааныг өвөртөлсөн залуус минь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыгаа уриалж их зорилгынхоо замд хүлгийн жолоо заллаа. Мал маллах сонирхолтой олон арван залуусыг Улстөрийн академийн дэргэдэх “Алтан гар” хөдөлмөрийн бирж угтан авч сургалтад үнэгүй сургаж, ажил олгогчтой нь холбож, хөдөлмөрийн гэрээ байгуулан илгээлтийн эздийг бэлтгэх их ажлыг өрнүүлээд байна. Энэ их ажлын гараа ийнхүү Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир гуайн буянт малын хотноос эхэлж Х.Билгүүн, А.Тэнгис нар минь уургын цээл хуйв морин эрдэнийн толгойд дугтарч, шилбүүрийн торгон сурны дуу хонин эрдэнийн дэргэд тас хийх их нутгийн малчид боллоо.  
 

Ж.Батсайхан
В.Нэргүй
 
 
 
 
Холбоотой мэдээ