Өвөлжөө, хаваржааны газар эзэмшил, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 21:07:38

Өвөрхангай аймаг 6289533 га нутагтайгаас 2844,77 га нь өвөлжөө, хаваржааны талбай юм. Гэтэл мал бүхий өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ба 2013 онд 13570 өрх айл байсан бол 2014 онд 14115, 2015 онд 15338 болж өсөөд байна.

Өнөөдрийн байдлаар 10870 өвөлжөө, хаваржаа байгаагийн 8089 нь 566,23 га газарт эзэмших гэрчилгээ авчээ. Энэ нь өвөлжөө, хаваржааг гэрчилгээжүүлэх ажил 70 гаруй хувьтай байна гэсэн үг.

Харьяа сумын нутаг дэвсгэрээс өөр сумын нутагт 333, өөр аймгийн нутагт 59 өвөлжөө, хаваржаа байгаа бол өөр аймгийн 12 малчин өрх манай аймагт өвөлжөө, хаваржааны газар ашиглаж байгаа байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу өвөлжөө, хаваржааны доорх газрын төлбөрийг суурин газрын төлбөрөөс 2 дахин багаар тооцож авдаг ба өвөлжөө, хаваржааны нэг газрыг дунджаар 700 м2 гэж үзвэл жилийн төлбөр 2800 төгрөг болно. Гэвч малчин өрхүүд газрын төлбөрөө өгөх тал дээр идэвхи санаачилга муу бөгөөд 2013 онд 67 хувь, 2014 онд 70 хувь нь 2800 төгрөгөө тушаажээ. Одоогоор 5949 малчин арилжааны гурван банкинд мал, өвөлжөө, хаваржааны газраа барьцаалан 16421,6 сая төгрөгийн зээл авсан байгаа юм.

Малчдын дунд өвөлжөө, хаваржааны орчмын бэлчээрт мал багтахгүйгээс бэлчээрээ булаацалдах асуудал байнга гарч, өвөлжөө, хаваржааны эзэмшил газар дээр үүссэн маргааны улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг гарсан байна. Мөн усан хангамжаас шалтгаалан хэт ойрхон газруудад өвөлжөө, хаваржааны байр барьж тэндээ жилийн турш нутаглаж байгаагаас бэлчээрийн талхагдалт ихэсч, нүүдлийн мал аж ахуйн хэв шинж алдагдаж, малын ашиг шим үүлдэр угсаа буурах хандлагатай болж байгааг ГАХБГ-ын дарга Ц.Цэрэнням хэллээ. Тиймээс сум, багийн ИТХ-аас өвөлжөө, хаваржааны газрын талаар баримтлах бодлогоо тодорхойлох, цаг хүндэрсэн үед отроор яваа өөрийн болон бусад аймгийн малчдад ямар бодлого, чиглэлтэй ажиллахаа журамд тодорхой тусгах, өвөлжөөний нөөц газруудад усан хангамжийн асуудлыг шийдэх, ашигт малтмалын зориулалтаар авсан лицензтэй талбайд байгаа өвөлжөө, хаваржааны газар эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудал тулгамдаад байгаа аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ