Эмэгтэйчүүд холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн тоо өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Эмэгтэй хүн холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн тоо Баян-Өлгий аймагт өндөр байна.
Эмэгтэйчүүд эхний есөн сарын байдлаар 187 зөрчил үйлджээ. Мөн 27 эмэгтэй гэмт хэрэгт холбогдсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,9 дахин өссөн тоо юм. Үүний дотор зам тээврийн осол гаргаж үүний улмаас хүний амь нас эрсэдсэн, мэс ашиглан хүн хутгалж хүнд гэмтэл учруулсан, хулгай хийсэн хэргүүд бүртгэгджээ. Гэмт хэрэг, зөрчил ийнхүү өсөх болсон шалтгааныг мэргэжлийн хүмүүс ёс суртахуун, уламжлалт зан заншлын алдагдалт, ажилгүйдэл зэрэг хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байна.
Аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, сумдын ЗДТГ-т бүртгэгдсэн ажилгүй иргэдийн 50,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж. Эмэгтэйчүүдийн дунд ажилгүйдэл өндөр байгаа нь баг, сумын удирдлагын тэдний нийгмийн амьдралд анхаарал хандуулах, холбогдох байгууллагуудыг энэ талаарх мэдээллээр хангах, ажлын байртай болгох ажил дутмаг байгаатай холбоотойг мөн онцолж байна.
Тийм учраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс дээрх байдалд дүн шинжилгээ хийж, тус аймагт эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 төрийн бус байгууллагыг уг ажилд татан оролцуулах шийдвэрийг өнөөдөр гаргасан байна.
Ө.Нурболат