Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны нэрээр залилан хийх хэрэг гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:56:21

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нэрээр залилан хийж, иргэдийг хохироох явдал Өвөрхангай аймагт багагүй гараад байна.

Тухайлбал хэн нэг иргэн рүү утасдаж тухайн суманд ямар нэг үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа дуулгаад 4 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг 500 мянган төгрөгөөр авах боломж байна. Та хүсвэл урьдчилгаагаа явуулна хэмээгээд иргэн бүрээс 500 мянган төгрөг залилж авсан тохиолдол Нарийнтээл, Бүрд гэхчлэн хэд хэдэн суманд гараад байгаа юм.

Уг хэргийг цагдаагийн байгууллагад бүртгэн шалгаж байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболдоос тодруулахад “Сүүлийн үед улс орны эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьдрал ахуй доройтсон учраас гэмт хэргийн гаралт төрөл бүрээр нэмэгдэж байна. Үүний нэг нь бусдыг залилах, хөрөнгө мөнгийг шамшигдуулах явдал юм. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо эсвэл Хөдөлмөрийн хэлтсийн нэрийг бариад танай суманд 80 хувийн хөнгөлөлттэй тоног төхөөрөмж оруулж ирнэ. Та урьдчилгаагаа төлвөл одоо ачууллаа гэх зэргээр хуурч нэлээн хэдэн иргэнээс мөнгө залилж авсан байна. Нарийнтээл суманд гэхэд 5 иргэнээс 2,5 сая төгрөгийг залилж авсан хэрэг гарлаа. Энэ этгээд бол баригдах нь ойлгомжтой. Тодорхой дансаар болон утсаар холбогдож байгаа учраас баригдана. Гагцхүү тэр иргэнд хохирлоо барагдуулах төлбөрийнч адвар байгаа эсэх нь бүрхэг юм. Тиймээс нийт ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхийн тулд Хөдөлмөрийн хэлтсээс сумдуудтай холбогдох үүргийг өгсөн” гэлээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ