Иракийн нэгдмэл байдлыг хүндэтгэн дэмжихээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-23 11:51:12
КАИР. /ТАСС/. Иракийн Засгийн газрын тэргүүн бүс нутгийн орнуудаар хийж байгаа  айлчлалынхаа хүрээнд богино хугацааны албан ёсны айлчлалаар ням гарагт Египетийн нийслэл Каир хотод хүрэлцэн очсон тухай ТАСС агентлаг мэдээллээ.

Иракт сөргөлдөөн үүсгэх бүх оролдлогыг няцааж, тус улсын нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Египетийн эрх баригчид дэмжиж байна гэж Арабын Бүгд Найрамдах Египет улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси Иракийн Ерөнхий сайд Хейдар аль-Абадитай уулзахдаа мэдэгджээ.  

"Иракийн цэрэг “Лалын улс” бүлэглэлийн эсрэг дайнд удаа дараа ялалт байгуулж, энэ террорист бүлэглэлийг устгахад чиглэсэн байлдааны ажиллагааг амжилттай явуулж чадсанд Иракийн Ерөнхий сайд болон түүнийг дагалдаж яваа төлөөлөгчдөд Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси баяр хүргэлээ. Египет улс Иракийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, нэгдмэл байдлыг болон тус улсын нийт нутагт аюулгүй, тогтвортой байдлыг, үндэсний нэгдэл нягтралыг бэхжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжиж байгаа юм" гэж Египетийн төрийн тэргүүний албан ёсны төлөөлөгч Аля Юсеф тэмдэглэжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ