Италийн хоёр чинээлэг мужийн оршин суугчид өөртөө засах эрхтэй болохыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-23 13:22:52
РОМ. /Ройтерс/. Испанийн Каталони муж Мадридаас өрх тусгаарлахаар шийдээд буй энэ үед Италийн хойд нутгийн хоёр чинээлэг мужийн оршин суугчид Ромоос хараат бус болохыг дэмжлээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Италийн санхүүгийн нийслэл гэгддэг Милан хот харьяалагддаг Ломбарди муж болон алдарт Венец хот харьяалагддаг Венето муж өнгөрсөн ням гарагт өөртөө засах эрхтэй болох асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулсан байна. Санал асуулгад оролцогчдын 90 гаруй хувь нь Ромоос хараат бус болохыг буюу өөртөө засах эрхтэй болохыг дэмжжээ. Ром буюу Италийн төв засгийн газарт өгч буй татвар төлөгчдийн мөнгийг мужийнхаа боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал ба байгаль орчны салбарт зарцуулахыг тус хоёр мужийн удирдлагууд хүсэж байгаа аж. Энэ хоёр муж нь Италийн үндэсний баялгийн 30 хувийг бүрдүүлдэг байна.

Санал асуулгатай холбоотойгоор Ром мэдэгдэл хийхдээ “Италийн Засгийн газар энэ санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Испанийн хамгийн чинээлэг мужуудын нэг болох Каталони муж энэ сарын 1-нд тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, санал асуулгад оролцогчдын мөн 90 гаруй хувь нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжсэн билээ. Гэсэн хэдий ч Испанийн Засгийн газар энэ санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Санал асуулга явуулсантай нь холбогдуулан Испанийн Засгийн газар Каталонийн өөртөө засах эрхийг түдгэлзүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ