Таиландчууд хаантайгаа салах ёс гүйцэтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-26 10:34:50
БАНГКОК. /Ройтерс/. Өнгөрсөн онд таалал төгссөн Таиландын хаан Пумипон Адульядеттай салах ёс гүйцэтгэх ёслол эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Таиландын хаан Пумипон Адульядет өнгөрсөн оны 10 дугаар сард 88 насандаа таалал төгссөн юм. Үүнтэй холбоотойгоор Таиландад нэг жилийн гашуудал зарласан билээ. Тэрбээр Таиландын эв нэгдэл ба тогтвортой байдлын “бэлгэ тэмдэг” гэгддэг байв.

Түүнтэй салах ёс гүйцэтгэх тав хоногийн ёслол нийслэл Бангкок хот дахь хааны ордонд лхагва гарагт эхэлсэн байна. Түүний хүү бөгөөд угсаа залгамжлах хунтайж Маха Важиражонгкорн тэргүүтэй албаны хүмүүс хамгийн түрүүнд салах ёс гүйцэтгэсэн аж. Ордны гадна өчигдөр 25 мянга орчим хүн цугласан байжээ.

Хаан Пумипон Адульядетыг орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой буюу өнөө орой 50 м өндөр цамхагт оршуулж, угсаа залгамжлагч хунтайж Маха Важиражонгкорныг хаан ширээнд албан ёсоор залах аж.

Салах ёс гүйцэтгэх ёслолд 40 гаруй улс орны төлөөлөгчид оролцоно. Мөн Таиландын 250 мянган иргэн оролцоно гэсэн тооцоог холбогдох албаны хүмүүс гаргажээ.


Г.Доржханд
Холбоотой мэдээ