Орос-НАТО Зөвлөлийн хуралдаан тодорхой шийдвэргүй өндөрлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-10-27 12:33:59
БРЮССЕЛЬ. /ТАСС/. Орос-НАТО Зөвлөлийн элчин сайд нарын түвшинд пүрэв гарагт болсон хуралдаан тодорхой шийдвэргүй, шуугиан тарьсан мэдэгдэлгүйгээр өндөрлөв. “Талуудын хооронд шулуухан бөгөөд нээлттэй яриа хэлэлцээ болж өнгөрсөн. Үүнийг цаашид үргэлжүүлэх шаардлагатай” хэмээн уг хуралдааны дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг болон НАТО дахь Оросын байнгын төлөөлөгч Александр Грушко нар мэдэгдэв гэж ТАСС агентлаг мэдээллээ.
 
Он гарсаар Орос-НАТО Зөвлөл гурав дахь удаагаа хуралдаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр талууд аюулгүй байдал, Европ дахь цэргийн ил тод байдал, Афганистан болон Украины нөхцөл байдал зэрэг гурван гол сэдвээр өөрсдийн санал, дүгнэлтийг илэрхийлж, харилцан гомдол мэдүүлсэн байна.
 
“ОХУ, Беларусын зэвсэгт хүчний хамтарсан “Запад-2017” цэргийн хээрийн сургуульд оролцсон Оросын цэргийн тоо өмнө нь зарлаж байснаас мэдэгдэхүйц олон байсан” гэж Йенс Столтенберг мэдэгдсэн байна. “НАТО Зүүн Европт цэргийн хүчээ зузаатгаж буйгаа зөвтгөхийн тулд Орос-Беларусын “Запад-2017” цэргийн хээрийн сургуулийн эргэн тойронд хүчтэй суртал нэвтрүүлгийн кампанит ажил өрнүүлж байна” гэж Оросын төлөөлөгч Александр Грушко хариу мэдэгджээ.

Л.Батбаяр
Холбоотой мэдээ