Каталонийн парламент тусгаар тогтнолоо дангаар тунхаглав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-27 21:39:36
БАРСЕЛОНА. /Би-Би-Си/. Испаниас тусгаар тогтнох тухай тунхаглалыг батлахыг Каталони мужийн парламентын гишүүдийн олонх нь дэмжлээ гэж “Би-Би-Си” телевиз мэдээлэв.

Өнөөдөр явуулсан нууц санал хураалтад Каталони мужийн парламентын 135 гишүүний 82 нь оролцсон байна. Санал хураалтад оролцсон гишүүдийн 70 нь Испаниас тусгаар тогтнох тухай тунхаглалыг батлахыг дэмжсэн бол 10 нь эсэргүүцжээ. Харин хоёр гишүүн хоосон цаас өгсөн аж.

Каталонийн парламент тусгаар тогтнолоо тунхаглалаа гэсэн мэдээлэл гарсны дараахан Испанийн Ерөнхий сайд Мариано Раха мэдэгдэл хийхдээ “Каталонид хууль дээдлэх ёс, ардчилал ба тогтвортой байдлыг сэргээх болно" гээд, испаничуудад тайван байхыг уриалсан байна.

Үндсэн хуулийн шүүх нь хориглосон хэдий ч Каталони муж Испаниас тусгаар тогтнох асуудлаарх бүх нийтийн асуулгыг энэ сарын эхээр явуулсан билээ. Санал асуулгад тус мужийн санал өгөх эрхтэй иргэдийн 43 хувь нь оролцсон бөгөөд тэдний 90 хувь нь тусгаар тогтнохыг дэмжсэн юм.

Каталони мужийн захиргаа Мадрид буюу төв засгийн газартайгаа "хэл амаа ололцох"-ын тулд тусгаар тогтнолоо тунхаглахаа түр хойшлуулаад байсан билээ. 

Харин Мадрид Каталонийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэхийн сацуу "үл захирагдах" хандлагаа өөрчлөхгүй бол мужийн өөртөө засах эрхийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах болно гэж хатуу анхааруулсан юм. Гэвч Каталони энэ анхааруулгыг үл ойшоож, өнөөдөр ийнхүү тусгаар тогтнолоо тунхаглалаа.Үүний улмаас хоёр талын харилцаа улам бүр хурцдаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

"Авч байгаагаасаа илүү ихийг Мадридад өгч байна" гэх шүүмжлэл газар авах болсноор Испанийн хамгийн баян чинээлэг мужуудын нэг болох Каталонийн захиргаа тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад хүрсэн юм.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ