Испанийн Засгийн газар Каталонийн өөртөө засах эрхийг түдгэлзүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-28 10:09:57
МАДРИД. /Ройтерс/. Испанийн Засгийн газар Каталони мужийнхаа өөртөө засах эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Каталони мужийн парламент Испаниаас тусгаар тогтнох тухай тунхаглалыг өчигдөр баталсантай холбоотойгоор Испанийн Засгийн газар ийм шийдвэр гаргасан байна.

Мөн Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой мэдэгдэл хийхдээ “Каталони мужийн Ерөнхийлөгч Карлес Пьигдемоныг огцруулж, парламентыг нь тарааж байна. Каталоничуудын дуу хоолойг сонсохын тулд энэ оны 12 дугаар сарын 1-нд тус мужид сонгууль хийхээр товлолоо” гэв.

Испанийн Засгийн газар мужийн өөртөө засах эрхийг түдгэлзүүлсэн анхны тохиолдол нь энэ болж байна.

Ажиглагчдын үзэж буйгаар, Испанийн Засгийн газрын энэ шийдвэрүүдийг Каталонийн тусгаар тогтнохыг хүсэж буй оршин суугчид эсэргүүцэж, томоохон жагсаал цуглаан хийж магадгүй.

Каталони муж

·       Испанийн зүүн хойд нутагт оршдог, хамгийн баян чинээлэг мужуудын нэг

·       Испанийн хүн амын 16 хувь нь буюу 7.5 сая хүн тус мужид амьдардаг

·       Испанийн экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүнүүдийн 25.6 хувийг үйлдвэрлэдэг

·       Испанийн ДНБ-ий 19 хувийг дангаараа бүрдүүлдэг

·       Гадаадын хөрөнгө оруулалтын 20.7 хувь нь тус мужид ногдож байна /Эх сурвалж: Испанийн Сангийн яам/

Г.Доржханд
Холбоотой мэдээ