Каталоничууд санал зөрөлдөөнтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-30 11:57:27
БАРСЕЛОНА. /Ройтерс/. Каталони мужийг Испанийн харьяанд хэвээр үлдээхийг хүсэж буй хэдэн зуун мянган хүн ням гарагт буюу өчигдөр мужийн төв Барселона хотод  жагсаал хийжээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, уг жагсаалд 300 мянга орчим хүн оролцсон бөгөөд тэд Испанийн төрийн далбааг намируулж, төрийн дууллыг дуулж байв.

Жагсаалд оролцогч нэгэн эмэгтэй “Каталони бол Испанийн нэг хэсэг гэдгийг харуулахын тулд би энд ирлээ. Испанийн төв Засгийн газар Каталони мужийн өөртөө засах эрхийг аргагүйн эрхэнд түдгэлзүүлсэн. Каталонийн байдлыг тогтвортой болгохын тулд үүнээс өөр сонголт байхгүй байлаа” гэж ярьжээ.

Испанийн зүүн хойд нутгийн хамгийн баян чинээлэг мужуудын нэг болох Каталонийн парламент өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тусгаар тогтнолоо дангаар тунхагласан билээ.

Үүнтэй холбогдуулан Испанийн Засгийн газар Каталонийн салан тусгаарлах үзэлт удирдагч Карлес Пьигдемоныг огцруулж, мужийн парламентыг тарааж, өөртөө засах эрхийг нь түдгэлзүүлээд байгаа юм.

Испанийн Засгийн газар болон Каталони хоорондын зөрчилдөөн нь тус мужийн эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлж болзошгүй гэж каталоничууд санаа зовж байна.

Өчигдөр явуулсан санал асуулгад оролцсон 1000 гаруй хүний 42.5 хувь нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол 43.4 хувь нь эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ