Багш нар хүүхдүүдээс мөнгө нэхвэл захирлуудад хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 14:25:29

Мэдээлэл, шуурхай удирдлагын 7032-1111 шуурхай утсанд ирүүлж буй гомдол, мэдээллийн дийлэнх нь багш нартай холбоотой байна.

Тодруулбал сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээс мөнгө татах асуудал байнга гарч, харин эцэг эхчүүдээс бухимдлаа дээрх утсанд илэрхийлсээр байгаа юм. Долоо хоног бүрийн мягмар гарагт хуралддаг хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал багш нарын мөнгө татсан асуудлаар эхэлдэг нь бүр ёс болоод байгаа билээ.

Эл байдал үргэжилсээр дасал болж байгаад аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд бухимдаж, багш нараа барьж чадахгүй байгаа захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцох хэрэгтэйг сануулсан юм. Одоогоор сургуулийн гурван захирал, цэцэрлэгийн нэг эрхлэгчид арга хэмжээ аваад байгаа ба иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр ажлын хэсэг ажиллаж, журам зөрчиж байгаа багш удирдлагуудад үргэлжлүүлэн арга хэмжээ тооцно гэдгээ аймгийн Засаг дарга хэлж байв.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд:

-МШУТ-ийн 70321111 утсанд ирж байгаа гомдол, санал түүний шийдвэрлэлтийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Бид 2013 оныг “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарлаад, энэ хүрээнд Мэдээлэл, шуурхай удирдлагын төв байгуулж 70321111 шуурхай утсыг ажиллуулж эхэлсэн нь авч хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг байсан. Энэ утсыг бий болгосноор төрийн үйлчилгээ, төрийн албан хаагчтай холбоотой санал, гомдлыг иргэдээс авч шийдвэрлэх боломжтой болсон юм.

Эхний үеэ бодвол иргэдээс ирүүлж байгаа гомдол үлэмж багассан ч зарим нэг асуудал тасралтгүй ирсээр байна. Тухайлбал эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, хот тохижилттой холбоотой гомдол тасрахгүй байгаа. Эдгээрийг шийдэхийн тулд удирдлагуудтай нь тулж ажиллах хэрэгтэй байгаа юм. Хэрэв багш нар сурагчдаас мөнгө татсан байх юм бол сургуулийн удирдлагад арга хэмжээ авч эхэлсэн. Зарим салбар босоо удирдлагатай учраас бид шууд арга хэмжээ авч болохгүй байна. Гэхдээ иргэдийн гомдлыг барагдуулах талаас нь ажиллана. Жишээ нь эрчим хүчний салбарт тасралтгүй гомдол ирдэг. Үүнийг бид дарга удирдлагуудад нь сануулаад шийдэгдэхгүй бол ЭБЦТС цаашлаад Эрчим хүчний яаманд асудлыг тавьж шийдүүлнэ. Эрчмийн салбарт маш их гомдол ирдэг байсан бол харьцангүй багассан, гэхдээ л санал гомдол барагдахгүй байсаар байгаа.

Нөгөө талаар бид иргэдээс ирсэн гомдол саналын мөрөөр ажиллаж, бодит байдлыг нягталж байж хариуцлага тооцно. Сүүлийн үед хэн нэгний нэр төрд халдах, буруушаах гэсэн хандлагаар мэдээлэл их ирж байгаа учраас аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг ажиллаж байж тодорхой арга хэмжээ авна.

Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн:

-МШУТ-ийн 70321111 утсанд ирж байгаа санал, гомдол тасрахгүй ирж байна. Түүний шийдвэрлэлтийн талаар та ямар дүгнэлттэй байна вэ?
-Иргэд маань 70321111 утсыг сайн мэддэг, санал асуудлаа их тавьдаг болжээ. Иргэдээс ирж бйгаа гомдол харьцангүй багассан ч нохой, хог, инженерийн шугам сүлжээ, эрчим, эмч, багш нарын ёс зүйтэй холбоотой санал гомдол тасрахгүй байна. Тиймээс бид шийдвэрлэлтийн асуудал дээр анхаарч, буруутай хүмүүст хариуцлага тооцдог болж байгаа. Амьдрал үргэлжилж байгаа учраас асуудал байсаар байна. Гэхдээ гомдлын тоо эрс багассан. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ