Цэцэрлэгийн ахлах ангид математикт суурилсан сургалт явуулж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 14:44:58

Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар цэцэрлэг нь 2015-2016 оны хичээлийн жилд нийт 12 бүлэгт 421 хүүхэд буюу хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг 90 хувьтай хамруулан ажиллаж байна.

Тус цэцэрлэгийн 39 хүнтэй баг сургуулийн өмнөх боловсрол олгохдоо энэ хичээлийн жилээс эхлэж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын орчин бүрдүүлж урлаг, уран сайхан, байгаль нийгмийн суурь мэдлэгтэй иргэнийг бэлтгэх эко орчин бүрдүүлэх ажлыг аймагтаа анх удаа санаачилжээ. Эднийх Солонгос улсын  KOICA сайн дурын байгууллагын гишүүн Хан-Ю-Ри-г хоёр жилийн хугацаатай ажиллуулж багш нарт арга зүйн хичээлийг 7 хоногт хоёр удаа заалгуулж бусад цэцэрлэгийн багш нар хичээлд нь сууж суралцах боломжийг ч олгодог байна. Ингэснээр багш, хүүхдийн сурч хөгжихөд үнэтэй хувь нэмрээ өгч байна гэж тус цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхан ярилаа.

Түүнчлэн багш Г.Баасанбаяр, Б.Нарантуяа нар “Ахлах-А” бүлэгт “Математикийн булан”, “Өрж байгуулах булан”, “Хэл ярианы булан”-гуудыг хүүхдэд сонирхолтой байдлаар тохижуулжээ. Мөн сургахын тулд “Тоглоомжуулах аян” өрнүүлж эцэг эхийн хандиваар төрөл бүрийн тоглоомтой болж ахлах ангид математикт суурилсан сургалтыг явуулж эхлэсэн байна. Хүүхдийг гэртээ байгаа мэт орчинд тоглох боломжийг бүрдүүлж “Гэр ахуйн булан”, эх дэлхийн сайхныг хүүхдүүдэд таниулахын тулд “Байгалийн булан” зэргийг өөрсдийн боломжоор тохижуулж гарын доорх материал ашиглаж савхан, даавуун номуудыг хийж сургалтад ашиглаж байна.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ