Ч.Хүрэлбаатар: Газрын баялагтай холбоотой нэг ч лиценз надад байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-02 11:38:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилсон Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцээд 91,7 хувь нь "Хоригийг дэмжихгүй" гэж үзлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, "Энэ асуудал таны гэлтгүй МАН-ын нэр хүндэд халтай байна. Та эхлээд энэ асуудлаа хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, түүний дараа албан тушаалын асуудлаа ярьвал ямар вэ, цаашлаад Засгийн газар, Монгол төрийн нэр хүндтэй холбоотой асуудал болж таарч байна. Та нэрээ татвал яасан юм бэ гэсэн саналтай байна" гэв.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, "УИХ-аас гарсан шийдвэр бүрт хориг тавиад байж болохгүй. Хориг тавьлаа гэхэд үндэслэлтэй байх ёстой. Бидний энэ байдлыг хоёр хөрш, цаашлаад дэлхий харж байгаа. Засаг төрийн удирдлагууд нь хоорондоо ойлголцохгүй байгаа юм байна гэж харж байна. Тэд хөрөнгө оруулах шаардлага байна уу ч гэж харж байна. Цаашдаа ямар асуудалд хэдий хэрийн хориг тавьдаг болох тухай хязгаарыг тавьж өгөх хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, "УИХ хууль зөрчиж төсвийн тодотгол хийсэн. Үүнийг Сангийн сайд засч залруулах боломж байсан. Мөн төрийн албан хаагчдад олгох 55 тэрбум төгрөгийн шийдвэр чинь авсан хүндээ нэмрээр бага, асуудал шийдэхгүй мөртлөө улсын төсөвт дарамт болж очно. Төсвийн тухай хуулийг Төсвийн байнгын хороо ягштал мөрддөг байх хэрэгтэй" гэв. 

Гишүүдийн хэлж ярьсантай холбогдуулж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Нэгдүгээрт гурван талд хэлэлцээрээр ярилцаж тохиролцсоны дагуу төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр болж Төсвийн байнгын хорооноос асуудлыг дэмжсэн. Хоёрдугаарт Ч.Хүрэлбаатар миний гэр бүл өмч хувьчлалаар эвдэрхий тэрэг ч аваагүй. Улсын төсвөөр нэг ч тендер аваагүй. Ах нарын минь бизнесийг надтай битгий хутга. Төрийн нуруун дээр ямар ч дарамтгүй өөрөө өөрсдийгөө авч яваа улс. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гүтгэлгийн чанартай мэдээлэл хийж байна. Миний толгойд битгий хэл манай гэр бүлийнхэнд лиценз зарна гэсэн асуудал хэзээ ч орж ирж байгаагүй. Та худал мэдээлэл олон нийтэд хүргэхээ боль" гэсэн тайлбар өгч байв.
Б.Туул






Холбоотой мэдээ