“Жихад Жон”-ыг устгахаар Сирид цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-13 16:06:23

ВАШИНГТОН. /BBC/. Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн “Жихад Жон” нэрээрээ алдартай босогчийг устгах зорилгоор АНУ-ын Агаарын цэргийн хүчин Сирийн хойд нутагт цохилт өгсөн тухай Пентагон мэдээлсэн байна.

Кувейт гаралтай Их Британийн иргэн Мохаммед Эмвази “Лалын улс”-ынханд барьцаалагдсан барууны орнуудын иргэдийг цаазалж байгаа дүрс бичлэгүүдэд гарсан юм.

Агаарын цохилтыг Сирийн Ракка хотод өгсөн байна. Одоо АНУ-ын Батлан хамгаалах яам баасан гарагт шилжих шөнө явуулсан ажиллагааны үеэр Эмвазиг устгасан эсэхийг тодруулахыг оролдож байгаа аж.

Эмвазиг 2013 онд Их Британиас Сирид очиж, “Лалын улс”-д нэгдсэн гэж таамаглаж байгаа юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард тэрбээр Америкийн сэтгүүлч Жеймс Фолиг цаазаар авч байгааг харуулсан дүрс бичлэгт гарчээ. Дараа нь тэрбээр барьцааны хүмүүсийг цаазаар авч байгаа бусад хэдэн хэдэн бичлэгт гарсан байна. Бүх бичлэгт Эмвази нүүрээ халхалж, хар орхимж өмссөн байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ