УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-02 15:01:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд "Хүлээж авах боломжгүй" гэж үзлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Хоригийн асуудлаар АН өөрийн байр суурийг өмнө нь илэрхийлсэн. Уул уурхайн баялагаас баяжсан өрх гэрүүдээс төр холдох хэрэгтэй гэсэн Ерөнхийлөгчийн хоригийг АН дэмжсэн хэвээр байгаа. УИХ сүүлийн үед чадамжгүй болсон. Хэрэв энэ хэвээрээ байвал би өөрийн баланкан дээр УИХ-ыг тараах санал гаргана" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Монголын төр урагшаа явахгүй байгаа шалтгаан нь уул уурхай. Миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэсэн бодолтой байна" гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
 
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Монголын ард түмнийг сая доромжиллоо. Хууль зөрчөөгүй хүн байхгүй гэж хэлснийхээ төлөө тэрбээр уучлал гуйх ёстой. Одоо төр засагт ажиллаж байгаа хүмүүсээс хэд нь уул уурхайн лицензтэй байна вэ. Лиценз авчихаад ашиглалт явуулаагүй хүн хэд байна вэ. Лицензийн наймааг одоо зогсоох хэрэгтэй” гэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, “Одоогийн байдлаар ашиглалтын болон хайгуулын 3412 лиценз байна. Тэдгээр нь бүгд компанийн нэр дээр байдаг юм билээ. Эдгээр лиценз хэн гэдэг эзний нэр дээр байдгийг холбогдох газраас нь лавлагаа гаргуулах боломжтой. Үүгээрээ ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг гүйцэтгэх засаглалд битгий аваач ээ гээд байгаа юм. Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой" гэсэн хариу тайлбар хийж байв.
 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “УИХ-ын танхимыг шүүхийн танхим болгоод, гишүүдийг лицензтэй лицензгүйгээр нь хагаралдуулж байна. Ерөнхийлөгч тангараг өргөхдөө “Монголын эв нэгдлийн илэрхийлэл байна” хэмээгээд намаасаа татгалзсан. Энэ хориг ер нь Ерөнхийлөгчийн хориг уу, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хориг уу гэдэгт эргэлзэж байгаа шүү. Та бол одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Тамгын газрын 100 гаруй хүний ажлыг хариуцах ёстой хүн. Монголд өнөөдөр хуулийн засаглал ноёлж байгаагаас эрх мэдэлтнүүд ноёрхож байгаа биш шүү. Өнгөрсөн хугацаанд та УИХ-ын хэд хэдэн гишүүний нэр хүндэд халдсан. Баялаг бүтээгчдийг олноор нь шалгуулсан. Гэтэл одоо бид улсын төсвөө ярьж байх цаг шүү” гэв.
 
Үүнд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, “Л.Энх-Амгалан гишүүн таны өөрийн чинь хувьцаа эзэмшиж байсан эсвэл эзэмшиж байгаа М-Си-Эс компани улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Тавантолгойг мэдэлдээ авсан. Түүнийгээ буцаагаад өгчих. Өнгөрсөн 4 жилд УИХ-ын хийсэн ажлыг харлуулж байна. Би бүх ажлыг хариуцахгүй. УИХ бол хамтын шийдвэр гаргадаг юм. Лицензтэй хүмүүсээсээ зайгаа барьчих хэрэгтэй л гэж хэлээд байгаа юм" гэсэн тайлбар хийлээ.
 
УИХ-ын гишүүн Д.Ганболд, “ЕТГ-ын дарга лицензийн асуудлыг цэгцэлье гэлээ. Өмнө нь юу хийж байсан юм бэ. Манай өнөө оффшор яриад байсан гишүүд яасан бэ. Баялгийн тэгш хуваарилалт, лицензийн асуудлыг цэгцлэхгүйгээр манай улс урагш алхахгүй шүү. Бид энд ингэж суух зуур баялаг чинь хилээр гараад дууслаа” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Занданшатар, "Хэн нэгэн гишүүний томилгоон дээр хориг тавьж байсан удаагүй. Хэн нэгний буруутай үйлдлийг шүүх тогтоодог. Шүүх тогтоогоогүй байхад хэн нэгэн рүү дайрч болохгүй. Ах дүү, хамаатан садных нь бизнес рүү орж болохгүй" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, "Дэлхий ертөнц өөр зүйл хийж байна. Гэтэл бид өөр хоорондоо сөргөөцөлдөж байна. Монгол хөгжихгүй бол бүх Монгол хүнд хохиролтой. Өнөөдөр сэрсэн юм шиг лиценз ярилаа. Тэрийг чинь хууль тогтоомжийнх нь дагуу авсан байж таарна. 3000 гаруй лиценз байна гэж байна. Бараг 6000 лиценз байгаа юм билээ. Хамгийн муу баялгийн менежменттэй улс бол Монгол болсон. Төрд амжилт гаргах хүмүүсээ бид дэмжих ёстой. Ч.Хүрэлбаатарыг би дэмжиж байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, "Ард түмнээсээ ичиж байна. Ямар ч тодорхойгүй баримтаар нэгнийгээ шүүж байна. Ерөнхийлөгчид хууль хяналтын байгууллагад хандах боломж нь бий. Төрд ажиллах чадвартай боловсон хүчнүүдийгээ нухчин дараад байвал хэн төрд ажиллах юм бэ. Эхлээд 30 гэр бүлийн тухай яриа эхэлсэн одоо 300 болсон байна. Татвар төлснийх нь төлөө төр гутаан доромжилж байна. Ерөнхийлөгч та Тамгын газрын даргадаа үг хэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч таны болоод Монгол төрийн нэр хүндэд халдаж байна" гэв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Сүүлийн 25 жилд анх удаа нэг гишүүнд Ерөнхийлөгч хориг тавилаа. Ер нь бол Үндсэн хуулийн тогтолцоо нуран унаж байна. Өнөөдөр Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болсон байна. Бид асуудлыг олон талаас нь хянах шаардлагатай. Засаглалын хямрал нүүрлэсэн байна шүү" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Ерөнхийлөгч, УИХ хоёрын хоорондын харилцах харилцаа зөв тогтох нь уу гэдгийг би сүүлийн үед харж байна. Энэ харилцааг сайн тогтоож барихад хэцүү. З.Энхболд өмнө нь том дарга байсан. Одоо бол Ерөнхийлөгчийн хий гэснийг хийх ёстой. Гэтэл 2-3 Ерөнхийлөгчтэй юм шиг байх боллоо" гэлээ.
 
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Би өмч хувьчлалаас амбаар ч аваагүй. Төсвийн мөнгөөр нэг ч концесс аваагүй. Төрийн банк, Хөгжлийн банк, Чингис бондоос нэг ч төгрөг аваагүй. Нэг ширхэг лиценз эзэмшээгүй. Ямар нэг лиценз зарж наймалцаагүй. Би Оюутолгойн гэрээг хийсэн ч түүнийг нь батлаагүй. Дубайн гэрээтэй намайг холбож ярьж байна, тухайн үед би сөрөг хүчин байсан. Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан цөөн гишүүдийн нэг нь би. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийг гурван талт хэлэлцээрийн дагуу зөвшилцөөд  шийдвэр нь гарсан юм. Гуравдугаарт, өндөр үнэтэй байранд амьдардаг гэж байна. Би гурван өрөө байранд амьдардаг. Энэ нь надад хангалттай. Сангийн сайдад нэр дэвшсэн, Сангийн сайд болсон хугацаанд намайг дэндүү гүтгэж байна. Сөрөг хүчин байхад намайг хангалттай шалгасан. Хууль шүүхээр шалгуулж болно" хэмээв.

 
Б.Туул
Холбоотой мэдээ