Завхан аймаг тулгамдаж буй хоёр асуудлыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-02 19:41:52
Завхан/МОНЦАМЭ/  Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 21 аймгийн удирдлага, хэлтэс, агентлагийн дарга нарт зориулж 11-р сарын нэгний өдөр цахим хурлыг хийлээ. Энэ үеэр шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилготой Монгол Улсын Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврыг бүх шатанд хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг 21 аймгийн ЗДТГ, төрийн байгууллагуудад үүрэг болгосон байна.
Мөн цахим хурлын үеэр аймаг бүр тулгамдаж буй асуудлаа танилцууллаа. Завхан аймгийн тухайд нэн тэргүүнд шийдвэрлүүлэх шаардлагатай хоёр томоохон асуудлыг хөндөж тавьсан байна. Тухайлбал найман сумын Засаг дарга албандаа автомашингүйн улмаас цаг үеийн хүнд нөхцөлд хувь хүмүүсийн техник хэрэгслийг дайчлан ажиллаж байгаа тул автомашинтай болгох асуудлыг шийдвэрлэж өгөх. Богдын голын цахилгаан станцын 2017 оны төсөвт тусгагдсан дизель түлшний нөөц хугацаанаасаа эрт дуусах эрсдэл үүссэн учир дизель түлшний нөөц бүрдүүлэх шаардлагатай байгааг Монгол Улсын Засгийн газарт  уламжиллаа. Учир нь Улиастай, Мөрөн чиглэлийн төв шугам сүлжээнд засвар шинэчлэлт хийж байгаа нь Мөрөн хотоос эрчим хүч татдаг Завхан аймгийн хувьд дотооддоо эрчим хүч үйлдвэрлэх шаардлагатай болсон байна. Иймд Тайшир болон Богдын голын дизель станц, хоёр нөөцийн станцыг ажиллуулж цахилгаанаар хангаж байгаа ажээ.  Өнөөдрийн байдлаар ачаалал их байгаа тул говийн зургаа, хойд чиглэлийн найман суманд өдрийн цагаар цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Яг одоо 230 мянган литр дизель түлшний нөөцтэй байгаа нь хэвийн нөхцөлөөр буюу нэг цахилгаан станцтай ажиллавал 50 хоногийн нөөц байна. Гэвч гурван станц зэрэг ажиллуулж байгаа учраас дизель түлшний нөөц дуусах эрсдэл үүссэн тул  750 сая төгрөгийн татаасыг богино хугацаанд  шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хэрэв энэ хөрөнгө төсвийн тодотголоор шийдэгдвэл Завхан аймаг цахилгаан эрчим хүчний дутагдалгүй өвөлжих боломж бүрдэх юм хэмээн  “Алтай-Улиастай” ТӨХК- иас мэдээлэл өгөв.
Энэ сарын 15 гэхэд тохируулгын ажил дуусч станц бүрэн ажиллана гэв

Завхан аймагт байрлах  “Алтай-Улиастай” ТӨХК нь 110/35/10кВ-ын Улиастай дэд станцыг 16 МВТ чадалтай трансформатороор  өргөтгөх ажлыг хийж байгаа юм байна.
Одоогоор ажлын явц 95 хувьтай байгаа бөгөөд 11-р сарын 15 гэхэд тохируулгын ажлыг дуусгаж станцыг ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр эрчим хүчний хязгаарлалтыг шийдэх боломжтой гэдгийг дуулгав. Мөн төвийн шугамаас хамгийн урт шугамаар эрчим хүчээ авдаг Завхан аймгийн хувьд байгаль цаг уурын хүнд нөхцөлд эрчим хүчний шугамуудад эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд шуурхай завсарлах зорилгоор “Алтай-Улиастай” ТӨХК– ийн Завхан салбарт зориулалтын автомашиныг олгох хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт давхар хүргүүллээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ