“Их ид шидтэн” жүжиг өдөр бүр үзэгчдийн хүртээл болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/.ОХУ-ын нэрт зохиолч В.И.Губареевын зохиол “Их ид шидтэн” хүүхдийн жүжиг нээлтээ хийгээд удаагүй байгаа ч өдөр бүр танхим дүүрэн үзэгчтэй байна. Тус жүжигт Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын залуу уран бүтээлчид түлхүү оролцсон гэдгээрээ онцлог юм. Жүжгээр, ид шид гэдэг бол ажил хөдөлмөр хийхийг хэлдэг гэдгийг хүүхэд багачуудад ойлгуулахыг зорьсон гэж найруулагч, Монгол Улсын УГЗ Л.Гомбосүрэн ярьж байна.
Тэрээр хэлэхдээ “Нийгмийн хөгжлөө дагаад хүүхдүүдийн хүмүүжил алдагдаж байна. Тэр ч бүү хэл бага байхдаа хүмүүжээгүй томчууд өнөөдөр жигшмээр үйлдэл хийж, хүүхэд багачуудад муу үлгэр дууриалал үзүүлж байна. Тиймээс хүүхдүүдэд хөдөлмөрийн хүмүүжил олгох, ид шид гэдэг бол ердөө л хөдөлмөрлөх юм гэдгийг ойлгуулахыг зорьсон. Миний хувьд зургаан жилийн дараа дахин хүүхдийн жүжиг тавьж байгаа нь энэ. Жүжиг маань дөрвөн гол дүртэй. Манай жүжигчид бүгд мэргэжлийн жүжигчид, бас залуучууд түлхүү орсон гэдгээрээ онцлогтой. Мөн тайзны засал чимэглэлийг лед дэлгэцтэй хослуулсанаараа онцлог, шинэ шийдэл болсон. Ингэснээрээ илүү бодит мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлж байгаа юм. Одоогоор өдөр бүр жүжиг маань тоглогдож байна. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл эхлэхээр хөдөө сумдаар бригадаар явна. Бүх сумдад очиж жүжгээ тоглохоор төлөвлөсөн байгаа” гэв.
Харин жүжгийн гол дүрийн жүжигчдийн нэг Ч. Алтанцэцэг “Миний хувьд 2012 оноос хойш аймгийнхаа театрт жүжигчнээр ажиллаж байна. "Их ид шидтэн" жүжигт бүтээсэн дүр бол миний анхны гол дүр, бас хоёр дахь хүүхдийн жүжиг. Энэ удаагийн дүр маань их сахилгагүй, ажил хийх дургүй залхуу хүүхдийн дүр. Өмнө нь жүжигт хүүхдийн дүр бүтээж байсан ч энэ их өөр дүр байсан. Хүүхэд гэдэг утгаараа дүрээ гаргахад тийм ч хүнд байгаагүй. Хүүхдүүд жүжгийг маань маш сайхан хүлээж авч байгаад үнэхээр баяртай байгаа” гэж ярив.
Т. Одончимэг